Гуч орчим жил ургуулсан хумсаа тайрчээ

Америкийн Техас мужийн Хьюстон хотын оршин суугч Аянна Уильямс хумсаа хамгийн урт ургуулснаараа дэлхийн дээд амжилт тогтоож байв. Тэрбээр олон жил ургуулсан хумсаараа Гиннесийн номонд бичигдэж байсан юм. Харин одоо энэ хумс амьдралд нь саад болж байгаа тул тайрахаар шийджээ.
Аянна Уильямс 28 жил хумсаа ургуулсан гэнэ. 2017 онд түүний хумсны нийлбэр урт 5.76 метр болсон бөгөөд Аянна хумсаа будахад 20 цаг зарцуулж, хоёр сав хумсны будаг дуусгадаг байсан гэнэ. Түүний хамгийн урт хумс нь 70 сантиметр ургасан эрхий хурууны хумс аж.
Гэвч ийм хумстай байхад сав суулга угаах, ор засах зэрэг өдөр тутмын гэрийн ажил хийхэд саад болдог тул Уильямс хумсаа тайрахаар шийджээ.
"Урт хумстай ч хумсгүй ч би хатан хаан хэвээр үлдэнэ. Намайг хэрхэн харагдахыг хумс шийдэхгүй, харин би хумс яаж харагдахыг шийднэ" хэмээн Аянна Уильямс ярьсан байна.
Хумсаа тайрсан ч дахин ургуулна гэж Аянна шийдсэн бөгөөд гэхдээ 15 сантиметрээс илүү ургуулахгүй гэж ярьсныг Daily Mail дамжуулжээ. Харин түүний тайрсан хумсыг Флорида мужийн Орландо хот дахь музейд үзмэр болгон тавих гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ