Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2021-04-10

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдан  дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. 

 

Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй бол  04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан тухайгаа мэдээлсэн.

 

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа. 

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож олгохоор шийдвэрлэсэн. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. Өчигдрийн байдлаар хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөг шилжжээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
elgb:
Гудамжаар ДҮҮРЭН ХҮН УЛАМ халдвар ТАРААХААР бнашдээ!!!
2021-04-10