Алибабаг 2.78 тэрбум доллараар торгожээ

img

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын улсын газар Алибаба компаниас 18.22 тэрбум юань (shuud.mn: ойролцоогоор 2.78 тэрбум доллар) хэмжээгээр торгохоор болсноо зарлажээ. Ийм шийдвэр гарагх болсон нь монополийн эсрэг хуулийг тус компани зөрчсөнтэй холбоотой гэж албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

"Алибаба компанийг монополийн тухай хууль зөрчсөнтэй холбоотойгоор торгохоор боллоо. Торгуулийн хэмжээ 2019 онд Хятадын нутаг дэвсгэр дээр хийсэн тус компанийн нийт борлуулалтын хэмжээний 4 хувьтай тэнцэнэ. 2019 онд 455.71 тэрбум юанийн борлуулалт хийсэн. Ингэснээр Алибаба 18.22 тэрбум юань (2.74 тэрбум доллар) төлөх үүрэг хүлээж байна" хэмээн төрийн байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ. 

 

Компанийн зүгээс ч Хятадын эрх баригчид торгууль нэхэмжилсэн шийдвэрийг зөв зүйтэй гэж хүлээн зөвшөөрч байгаа талаар Жэнминь жибао мэдээлсэн байна.

 

Өнгөрсөн сард, БНХАУ-ын Монополийн эсрэг байгууллагууд Alibaba цахим худалдааны компанийг 975 сая доллараар торгож болзошгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм. Интернет худалдааны энэ том компани бүтээгдэхүүнээ хэд хэдэн платформ дээр байршуулдаг худалдагчдаа "шийтгэн", өрсөлдөгчидтэйгээ шударга бусаар өрсөлддөг гэж Хятадын эрх баригчдын үзэж байгаа аж. .

 

Alibaba өөрт нь ашигтай байдлаар худалдагч талуудыг сонголт хийлгэхээр шахалт үзүүлэн, тэдний бүтээгдэхүүнүүдийг интернет талбарууд дээрээ сурталчлах боломжуудыг хязгаарладаг гэж Хятадын эрх баригчид буруутгасан байна. Ийм хууль бус ажиллагаагаа зогсоохыг БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд удаа дараа шаардсан ч биелүүлээгүй гэж Монополийн эсрэг байгууллага мэдэгджээ. 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Зах зээлийн хяналтын газар Жек Магийн үүсгэн байгуулсан энэ компанийг монопол шинжтэй үйлдэл гаргасанд сэжиглэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

КОММУНИСТ ХЯТАД УЛС НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ДЭМЖДЭГ УЧРААС ХЯТАД УЛС ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭЖ АРД ТҮМЭН НЬ ЯДУУРЛААС ГАРААД БАЙГАА ЮМ ДАА. ХАРИН МОНГОЛ УЛС АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ХУВЬ ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ДЭМЖДЭГ УЧРААС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ.
2021-04-10