Япон: Атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далай руу цутгана

img

2011 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн газар хөдлөлтийн улмаас осол гарч байсан "Фукушима-1" атомын цахилгаан станцын, цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг Номхон далай руу асгахыг Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор зөвшөөрсөн талаар Kyodo агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх асуудлаарх эцсийн шийдвэрийг Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга тэргүүтэй холбогдох яам, албан газруудын дарга нарын зөвлөгөөнөөр гаргасан бол усыг далай руу асгах ажлын бэлтгэлийг хоёр жил орчмын хугацаанд хийсэн юм.

 

Энд дуулгахад, ихэнх аюултай цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн 1.25 сая тонн усыг далай руу цутгахтай холбоотой асуудлыг Японд олон жилийн турш хэлэлцэж байгаа юм. Нутгийн оршин суугчид энэ алхмыг эсэргүүцэж, Атомын цахилгаан станцаас ус асгах нь далай тэнгисийн орчныг бохирдуулж, загас агнуурын салбарт ноцтой аюул учруулна гэж үзэж байв.

 

Харин ийнхүү атомын цахилгаан станцын усыг асгах шийдвэр эцэслэн гарсны дараа Японы Ерөнхий сайд аюулгүй байдалд Засгийн газар хяналт тавина гэж мэдэгджээ. "Аюулгүй байдлыг хангахад засгийн газар санаачилгатай ажиллана" хэмээн Ёсихидэ Суга мэдэгдсэний дээр далайн бүтээгдэхүүнүүдэд цацраг идэвхт бодис илрэх эсэхийг байнга хянана хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэвэршүүлэхгүй шууд далайд асгаад эхэлчихсэн
2021-04-13