The Lancet: Британи штамм өвчнийг илүүтэй хүндрүүлдэггүй

2020 оны сүүлээр Их Британид илэрч, өмнөх хувилбаруудаасаа хурдацтай тархсан коронавирусийн В.1.1.7 штамм нь COVID-19-ийн ноцтой хүндрэл үүсгэдэггүй гэж The Lancet Infectious Diseases анагаах ухаан сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өгүүлжээ. Мөн ийм дүгнэлтийг тус сэтгүүлийн нийгмийн эрүүл мэндийн талаарх The Lancet Public Healt сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны зохиогчид онцолжээ.
The Lancet Infectious Diseases сэтгүүлийн судалгааг Лондон хотноо эмнэлэгт хэвтсэн 496 хүний өвчний түүхийг үндэслэн хийсэн байна. "В.1.1.7 штаммын халдвар аван эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн биеийн байдал коронавирусийн өмнөх халдваруудыг авсан хүмүүсийнхээс ноцтой ялгарахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон" хэмээн нийтлэлд өгүүлжээ.
Харин The Lancet Public Health сэтгүүлд "В.1.1.7 хувилбарын тархалт нэмэгдсэнээр шинж тэмдэггүйгээр өвчлөх хүмүүсийн тоо ихээр өөрчлөгдөөгүй" хэмээн онцолсон байна. Гэхдээ энэ штамм өмнөх хувилбаруудтай харьцуулахад хурдацтай тархаж байгааг судлаачид баталжээ.
Коронавирусийн Британи штамм 2021 онд АНУ-д өргөн тархсан талаар Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд мэдээлж байлаа. Орост дөрөвдүгээр сарын зургааны өдрийн байдлаар Британи штаммаар халдварласан тохиолдол 103 бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдсөн тохиолдол гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ