Их Британийн Ерөнхий сайд байшингаа хөлслүүлнэ

Британийн Ерөнхий сайд нарт албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь Лондонгийн Даунин-стрит дэх 10 тоот гэсэн хаяг дээр байрлах улсын байр олгодог. Вестминстер болон Букингемийн орднуудтай зэрэгцэн орших энэ барилгад 100 орчим өрөө байдаг гэнэ.
Энэ барилгад 1735 оноос эхлэн үе үе Их Британийн сайд нар амьдарч байсан бол 1902 оноос эхлэн Британийн Ерөнхий сайд нарын байрлах байраар байнга ашиглагддаг болжээ. Чухамхүү энэ байранд Ерөнхий сайд нар амьдарч, ажиллаж, уулзалт хийхийн дээр зарим тохиолдолд Засгийн газрын хуралдаан ч зохион байгуулдаг аж.
Британийн өнөөгийн Ерөнхий сайд Борис Жонсон ч мөн Даунинг-стрийн энэ байранд амьдрах бөгөөд Оксфордшир дэх өөрийнх нь эзэмшлийн коттежд амралтын өдрүүдээ өнгөрүүлэх хүсэлтэй ч аюулгүй байдлын албаныхан хоригложээ. Тиймээс өмчөө дэмий хадгалахгүйн тулд Борис Жонсон орон сууцаа удаан хугацаагаар түрээслүүлэхээр болсон гэнэ.
Ингээд тэрбээр үл хөдлөх хөрөнгийн агентлагт хандсан байна. Энэ агентлаг Ерөнхий сайдын коттежийг түрээслэх зар тавьсан бөгөөд энэ байр 4 унтлагын өрөө, теннисийн талбай, усан сантай, сарын түрээсийн төлбөр нь 4250 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 15.2 сая гаруй төгрөг юм байна. Зар дээр байрны эзэн гэрийн тэжээмэл амьтан байлгахыг эсэргүүцээгүй хэмээн бичжээ. Жонсон энэ байшинг 2003 онд өмнөх эхнэртэйгээ амьдарч байхдаа 690 мянган фунтээр худалдаж авсан бөгөөд одоо үнэ нь хоёр дахин өссөн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ