Нобелийн шагналтнууд вакцины оюуны өмчийн эрхээс татгалзахыг уриалжээ

Дэлхий дахин коронавирусийн цар тахалтай тэмцэж, үүний зэрэгцээ вакцинжуулалтыг идэвхжүүлэхээр хичээж байна. Гэсэн ч зарим оронд халдвараас сэргийлэх бэлдмэл хүртээмжгүйн улмаас эмнэлгийн ажилтнууд ч вакцины эхний тунд хамрагдаагүй өнөөдрийг хүрчээ. Олон улсын байгууллагууд, нэр бүхий улс орнууд вакциныг дэлхий даяар хүртээмжтэй болгохыг удаа дараа уриалсан ч төдийлөн үр дүнгүй байна.
Өмнө нь улс орнуудын төрийн тэргүүний алба хашиж байсан 60 гаруй хүн болон 100 гаруй Нобелийн шагналтан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденд ханджээ. Тэд коронавирусээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх асуудал дээр оюуны өмчийн тухай Дэлхийн худалдааны байгууллагын журмаас түр хугацаанд татгалзах тухай Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Энэтхэгийн саналыг дэмжихийг хүсэн, нээлттэй захидал Америкийн төрийн тэргүүнд илгээсэн байна.
Ийнхүү оюуны өмчөөс татгалзсанаар эм бэлдмэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орлого багатай улс орнуудад цар тахалтай тэмцэх ажлыг түргэвчилнэ хэмээн Цагаан ордны тэргүүнд хандсан нээлттэй захидалд өгүүлжээ. Харин ийм алхам авч хэрэгжүүлээгүй тохиолдолд, вакцин үйлдвэрлэл өнөөгийн хурдаар явбал дэлхийн олон улс 2024 он хүртэл олон нийтийг хамарсан вакцинжуулалт хийж чадахгүй хэмээн захидалд өгүүлсэн байна.
Энд дуулгахад, өнгөрсөн сард Энэтхэг болон Өмнөд Африк улс коронавирусээс сэргийлэх вакцины патентыг түр хугацаанд цуцлахыг уриалж байв. Хүн төрөлхтнийг вакцинжуулалтад хамруулах явцыг хурдасгах зорилгоор дээрх хоёр орон ийм саналтайгаар Дэлхийн худалдааны байгууллагад хандаж байлаа. Блүмберг агентлагийн мэдээлснээр, өнөөдөр коронавирусээс сэргийлэх нийт вакцины гуравны нэгийг АНУ-д тарьж, үүний араас вакцины тоогоор Европын холбоо орж байгаа бол бусад орнуудад вакцины үлдэгдэл очиж байгаа юм. Ингэснээр өнөөгийн хурдаар вакцинжуулалт хийвэл хүн төрөлхтний 75 хувийг 2025 оны дунд үе гэхэд л вакцинжуулах боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ