Ойрын хавьтал болсон хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар оношилно

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэр оролцож мэдээлэл өглөө.
-Халдвар нэмэгдэхийн хэрээр, PCR шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүдэд шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээгээ өгөхөөр байна. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Халдвар хүн амд тархчихсан. Ийм үед хүн болгоноос PCR шинжилгээ авах тактик маань учир дутагдалтай. Учир нь PCR шинжилгээ цаг хугацаа шаарддаг. Лабораторид таван сорьцыг нэг дор төхөөрөмжид хийж байгаа. Хариу сөрөг гарвал тавуулаа сөрөг гэсэн үг. Харин эерэг гарвал нэг нэгээр задалж дахин шинжилдэг. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардагдана. Тиймээс тактикаа өөрчлөх шаардлагатай.
PCR маш сайн мэдрэг чанартай. Гэхдээ эерэг батлагдсан тохиолдлыг гэрээр очиж хянаад, гэр бүлийн хүн нь халдвар авсан байх магадлалыг үзэхийн тулд эхний шинж тэмдгийг нь ажиглана. Хэрвээ шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн оношлуураар оношлох стратегийн өөрчлөлт хийх гэж байна. Сүүлийн үед түргэвчилсэн оношлуур маш их өөрчлөгдөж байна. Мөн үнэ нь хямдарч байна. Түргэвчилсэн оношлуур цаг алдахгүй 10 минутанд хариу гарна. Тиймээс шинэ тактикаар ажиллах байр суурийг илэрхийлж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ