Япон: Муур цагдаагийн хэлтсийн даргаар томилогджээ

Японы Тояма хотод Коко гэх муур цагдаагийн газрын дарга болжээ. Гэхдээ ердөө нэг л өдрийн турш энэ албыг хаших болсон байна. Өнгөрсөн онд энэ муур хүний амийг аврахад тусалсан тул ийм хүндэтгэл үзүүлсэн гэж NHK агентлаг мэдээлжээ.
Албанд томилох өдөр мууранд дүрэмт хувцас өмсгөн авчирсан байна. Коког "тангараг өргөхөөс" өмнө түүнд цагдаагийн малгай өмсүүлжээ. Тангарагт, муур зугаалах үедээ орчин тойрондоо анхааралтай хандана гэж амлах үгс багтсан байна.
Өнгөрсөн жил Коко муур хотын усжуулах сувагт унасан эрэгтэйг олж харахад нь нэгэн эмэгтэйд тусалжээ. Энэ сувагт усны төвшин 15 сантиметр байсан бөгөөд сувагт гацсан эр ус залгилж, амь нас нь эрсдэлд орж болзошгүй байсан гэнэ. Ингээд нутгийн оршин суугчид сувагт унасан эрийг гаргаж, дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч нар ухаан алдсан эрийг сэргээжээ. Тухайн үед энэ эрийн амь насыг аврахад тусалсан Коко муурыг нутгийн цагдаагийн газар шагнаж байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ