Алматы-2021: Таван бөхийн гурав нь шигшээд шалгарлаа

Бөхийн төрлүүдийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” спорт цогцолборт эхэлсэн. Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлж, манай таван бөх хүч үзлээ. Тэднээс 68 кг-ын жинд ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялснаар шигшээд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманакзароватай хүч үзнэ.
Мөн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр илүүрхсэн бөгөөд орой 20:00 цагаас шигшээ барилдаанд хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай дахин барилдана.
“Алматы-2021” Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Дөлгөөн хоёрдугаар тойргийн барилдаанд эзэн орны Айша Уалишаныг цэвэр дарав. Түүний жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байгаа бөгөөд М.Дөлгөөн орой 20:00 цагт БНСУ-ын Ким Хьон Жотой сүүлийн тойргийн барилдаанаа хийх бөгөөд ялбал алтан медалийн болзол хангана.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай таван бөхөөс гурав нь шигшээд шалгарч, Н.Анударь, Н.Загардулам нар хэсгээсээ шалгарч чадалгүй үзэгчдийн суудалд шилжлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ