Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх ҮХЦ-ийн хуралдаан эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О. Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна.
Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ гэж ҮХЦ-ийн хэвлэлэлийн төлөөлөгч мэдээлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий иргэд ҮХЦ-д хандаж ,УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:
3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
-
банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
-
татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
-
сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, эсэхийг эцэслэн шийдвэрлэх асуудал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ