Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших ЭРХГҮЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа.
Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ.
Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:
3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
-
2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
-
2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
-
2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд цахим хуудасдаа нийтэлсэн байна. Тэрбээр "Дарга биш ХУУЛЬ яллаа. 3 сар сунжирсан ҮХЦ-н хурал нэлээд халуун өрнөв. Ямартаа ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа. Мэргэжлийн үнэт зүйлс, зарчмаа барьж хуралд үндэслэлтэй, сайн тайлбар хийсэн @Mongol_huu, @munkhsaikhan_o хуульчиддаа талархлаа илэрхийлье!" гэжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ