Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй

ЗХЖШ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг:
-Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа байдал бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, зэвсэгт хүчинд итгэх, иргэд олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гадны улсын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлээд байна. Энэ зарчим зөрчигдөж, зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, хямралд, цэрэг армийг татан оруулах нь иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд бий. Энэхүү гашуун түүх манай улсад бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.
Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог алдагдуулах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Улс төржүүлж болохгүй асуудал гэж бий. Зөрчигдвөл том төлөөсийг улс үндэстнээрээ төлдөг гэсэн гашуун сургамжийг байнга санах хэрэгтэй. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдэж байх нь улс үндэстний аюулгүй байдал, эрх ашигт нийцнэ гэдгийг хэлье. Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй. Өргөсөн тангарагтаа үнэн ч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэрийг Зэвсэгт хүчин хүндэтгэн биелүүлнэ.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингээд гурван чиглэлд үүрэг өгсөн. Үүнд,
-
Цэргийн албыг сайжруулахаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан
-
Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ, хаана ямар арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцсон
-
Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан
Мөн өчигдөр орой МАН-ын хийсэн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байгааг мэдэгдэж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ