МИАТ-т баярлалаа

Монголчуудыг хөл дайх ганц унаатай гэж үзвэл, тэр нь яах аргагүй МИАТ. Бидний нэрлэдгээр чөдрийн ганц. Энхийн цагт ч, ээдрээт энэ үед ч монголчуудыг эх оронтой нь золгуулж, дэлхийтэй холбож байна.
Коронавирусийн халдвар анх дэгдсэн цагаас эхлэн монголчууд эх орон гэж юу байдгийг, гэрт нь авчрах ганц унаа нь МИАТ гэдгийг илүү ухаарлаа. Хамгийн анх жилийн өмнө БНХАУ-ын Ухань хотоос Монголын 31 иргэнийг тээвэрлэсэн онгоц Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардахад нулимс султай нэгний нүд нь чийгтэж байв. Тэр цагаас хойш дэлхийн 93 орноос 31 мянган иргэнээ татан аваад байна. Тэр бүхнийг тээвэрлэн авчирч, эх оронтой нь золгуулсан МИАТ-т баярлалаа.
МИАТ ХК-ийг тойрсон асуудал мундахгүй олон, аврах ганц гарц нь хувьчлал гэж цөөнгүй жил ярьсан. Ямар нь ч байсан бид яг одоо МИАТ төрийн өмч байгаад талархаж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт тархсан вирусээс хоргодох цор ганц газар нь эх орон хэмээн гэр рүүгээ тэмүүлсэн бүхнийг саадгүй тээвэрлэж, гэр бүлтэй нь учран золгуулж байгаа МИАТ-д талархлаа. Энэ үгийг олон мянган хүн хэлэхийг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Иргэдээ эх оронд нь авчирч буй МИАТ одоо вакцин тээвэрлэн, монголчуудын эрүүл мэнд, амь насны төлөө дүүлэн нисч байна. Аюулт вирусээс аврах ганцхан арга болох вакцин авах хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэсэн ч тээвэрлэх том үүрэг МИАТ-т оногдсон. МИАТ ч энэ үүргээ амжилттай биелүүлж байна.
МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлгөөр 4 дүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 11 хайрцаг, 408 кг AstraZeneca вакцин
4 дүгээр сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 38 хайрцаг, 11198кг, 300,000 тун Sinopharm вакцин
4 дүгээр сарын 23-ны өдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 38 хайрцаг, 11201кг, 300.000 тун Sinopharm вакцин Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д тээвэрлэн авчирлаа.
Цаашид ч эх орон руугаа тэмүүлсэн бүхнийг гэрт нь авчирч, элгэн садантай энх тунх уулзуулдаг нэр төртэй ажлаа зогсоохгүй. Бас иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах вакцин тээвэрлэх ажлаа ч гүйцэтгэнэ. Хүнд хэцүү үед өөрийн унаатай, төрийн өмчтэй байхын давуу талыг монголчуудад мэдрүүлсэн МИАТ ХК-ийнханд баярлалаа. Та бүхэн хэн нэгний алтан шарилыг, өөр нэгний өвдсөн биеийг эх оронд нь авчирсан. Олон олон хүнийг энх тун учран золгуулсан. Та бүхний ач асар их юм шүү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ