COVID-19: Иракийн эмнэлэгт гал гарч, 82 өвчтөн амиа алджээ

img

Иракийн нийслэл Багдад хотын Ибн аль-Хатыб эмнэлгийн коронавирусийн халдварыг эмчлэх тасагт гал түймэр гарсны улмаас 82 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. 

 

Энэ хэрэг бямба гарагийн үдэш болсон бөгөөд хүчилтөрөгчийн баллонууд дэлбэрсний улмаас гарсан галыг ням гарагийн өглөө л бүрэн унтрааж дууссан талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадими амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Эрүүл мэндийн сайдыг халж, эмгэнэлт явдал гарах болсон шалтгааныг мөрдөн шалгаж эхэлснээ зарлажээ. 

 

Иракийн иргэний хамгаалахын газрын дарга, хошууч генерал Кадхим Боханы өгүүлснээр, хиймэл амьсгалын аппаратууд байдаг давхарт байрлах сэхээн амьдруулах тасгаас гал түймэр эхэлсэн гэнэ. Тухайн үед сэхээн амьдруулах тасагт 30 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байжээ. 

 

Иракийн хүний эрхийг хамгаалах агентлаг болсон явдлыг "коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн эсрэг гэмт хэрэг" хэмээн нэрлэсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр ихэнх өвчтөнүүд хиймэл амьсгалын аппарат салгасны дараа нас барсан бол нөгөө хэсэг нь угаартаж амиа алджээ. "Гал түймэр эхэлмэгц эмнэлгийн ажилтнууд хүчилтөрөгчийн хоолойг хаахаас аргагүй болсон. Ингэснээр хүчилтөрөгчөөр амьсгалж байсан хүмүүс амьсгалах аргагүй болсон юм" хэмээн Iraqi Health Access төрийн бус байгууллагын тэргүүн ВВС агентлагт ярьсан байна.

Энд дуулгахад, Иракт халдварын нөхцөл байдал тун хүнд байгаа бол вакцинжуулалт дөнгөж эхэлж байгаа юм. Тус улсын эмнэлгүүдийн ачаалал нэн хүнд байгаа бөгөөд 39 сая хүн амтай энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш 1.03 сая хүн халдвар авч, 15217 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ