Кипр ирэх сараас вакцин тариулсан жуулчдыг хүлээн авна

img

Кипр улс коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан жуулчдыг ирэх сарын 10-наас эхлэн хүлээн авахаар болсон бөгөөд ямар нэг хязгаарлалтын арга хэмжээ авахгүй гэж Киприйн Аялал жуулчлалын сайд Саввас Пердиос мэдэгджээ. Түүнчлэн вакцин тариулснаас гадна коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байсан ч Кипр рүү жуулчилж болох гэнэ.

 

"Тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлхийн 65 орноос ирэх вакцин тариулсан жуулчид Киприйг зориход хялбар болно. Тэднээс шинжилгээ авахгүй, тэднийг халдвартай хүний ойрын хавьтагч болсон ч тусгаарлалтад оруулахгүй" хэмээн Киприйн Аялал жуулчлалын сайд мэдэгджээ.

 

Кипр дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын есний хооронд хатуу хөл хорио тавьсан байна. Киприйн эрх баригчид хөл хорих цаг тогтоож байгаагаа зарласан бөгөөд олон нийтийн бүхий л газрууд хаагджээ. Хүмүүс нэг дор цугларахыг хориглон, гэрээсээ өдөрт нэг л удаа урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гарахыг зөвшөөрсөн бол сүмийн мөргөл сүсэгтэн олонгүйгээр явагдах аж. Ердөө 875,8 мянган хүн амтай арлын энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 49 988 болсноос 268 хүн нас барсан байна. 

 

Энэ улсад өнгөрсөн долоо хоногоос Америкийн Жонсон энд Жонсон компанийн боловсруулсан вакциныг ашиглан дархлаажуулалтын ажил эхлүүлжээ. Арал дээр байрлах Киприйн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг нь аялал жуулчлал юм. Энэ салбарт тус улсын хүн амын ихэнх нь ажилладаг бол аялал жуулчлалаас олдог орлого нь улсын төсөвт орох гадаад валютын гол урсгал болдог байна. Цар тахлын үед энэ салбараас олох орлого эрс буурсан тул тус улс ийнхүү хязгаарлалтуудгүйгээр жуулчдыг хүлээн авах зэргээр төрөл бүрийн санал тавьж байгаа аж 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ