Хятадад хүүхдүүдийн гэрийн даалгаврыг багасгана

Хятадад дунд сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багасгахаар болжээ. Үүнтэй холбоотой тушаалыг БНХАУ-ын Боловсролын яам гаргасныг Жэнминь жибао мэдээллээ.
Тушаал ёсоор, нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрт нь бичгээр хийх дасгал ажлын даалгавар өгөхгүй. Харин гуравдугаар ангиас дээш насны сурагчид гэрийн даалгавраа хийхэд нэгээс илүүгүй цаг зарцуулах ёстой юм байна. Дунд ангийн сурагчдын гэртээ хичээллэх хамгийн дээд хугацаа нь 1.5 цагаас дээш байж болохгүй гэж Боловсролын яамны тушаалд заажээ.
Түүнчлэн амралтын өдрүүд, зун болон өвлийн амралтаар өгдөг гэрийн даалгавруудын хэмжээг зохицуулахыг багш нарт уриалсан байна. Мөн бага болон дунд ангийн сурагчдад сонгон судлах хичээлээр аливаа төрлийн нэмэлт даалгавар өгөхийг хоригложээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ