У.Хүрэлсүх ба БУСАД
Гурав хоногийн дараагаас парламент дахь улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26,.1-д “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.” гэж заасан. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ улс төрийн намууд энэ сарын 30-наас тодруулах юм. Парламентад суудалтай МАН, АН, МАХН, “Зөв хүн-элекотат” эвслээс хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн таамаглал энэ өдрүүдэд өрнөж байна.
У.Хүрэлсүхийн “бие халаалт”
Эрх баригч хүчнээс МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь эртээс тодорхой болсон. Тиймээс ч Ерөнхийлөгчид горилогчид У.Хүрэлсүх ба бусад гэсэн таамаглалтай байгаа. Парламентад үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин яруу алдарт 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гэсэн түүхэн зорилго дэвшүүлсэн гэсэн бор шувуу нисч байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тухайд ёс зүйн хариуцлага хүлээж, Ерөнхий сайдаасаа огцорсноос хойш олны өмнө гарахгүй, чуулганы хуралдаанд ч тэр бүр оролцохгүй байгаа ч телевизүүдээр МАН-ын 100 жилийн ойн нэвтрүүлгээр Засгийн газрынхаа хийж, хэрэгжүүлсэн ажлыг тасралтгүй сурталчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийн “бие халаалт”-ыг сануулна.
АН-ын нэр нь тодроогүй дэвшигч
Сөрөг хүчин АН-ын албан ёсны даргыг УДШ өнөөдөр эцэслэн шийдвэрлэж “батална”. АН-ын даргын сунгаа хоёр талд явагдаж, цахимаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, цаасан саналаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар тодроод байгаа. Нам дахь фракц бүлэглэлийн хагарал АН-ын сөрөг хүчнээс бус сул хүчин болгосоор ирсний илрэл одоо ч үргэлжилж байгаа. Хэдийгээр Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нарын эрхмүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж хувийн зүгээс олон нийтэд зарлаж байгаа. Гэсэн хэдий ч энэ намын даргаар хэн ч тодорсон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах явцад зарим нь нэрээ татаж, зарим нь нэрээ ч дэвшүүлэхгүй чимээгүй үлдэнэ гэдгийг ажиглагчид хэлж байгаа. Учир нь АН-аас олонд өөрийгөө зарлаагүй эрхэм нэр дэвших магадлалтай гэж таамаглаж буй.
Н.Энхбаярын тохироо хийгээд тулгалт
Парламент дахь гуравдагч хүчний төлөөлөл МАХН-ын тухайд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тохирооноос хамаарал бүхий. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн заалт ял зэмтэй үндэслэлээр МАН-ын Н.Энхбаярын эрхийг зөвхөн хязгаарлахгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бүх эрхмүүдэд хамаарна гэдгийг ҮХЦ дүгнэж, УИХ дэмжсэн.
Харин МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж оролцох уу, дангаар өрсөлдөх үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно. Аль нэг ч гэж дээ, угшил нэгтэй МАН-ыг дэмжиж оролцохоор зөвшилцөл явагдаж байгаа ч тохироонд хүрсэн эсэх нь тодорхогүй байгаа. Ерөнхийдөө улс төрд алсын хараатай нүүдэл хийдэг Н.Энхбаярын тухайд бусадтай тохиролцох бус тулгадаг. Энэ нь түүнд амбиц гэхээсээ мөн чанар болтлоо шингэсэн. МАХН-аас нэр дэвшихээс эртнээс өөрийгөө тодруулж, хөхөө өвлийн хүйтнээр төв талбайд өлсгөлөн зарлан, эх орончийнхоо дүрд “шударгаар тоглосон” эрхэм бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л МАХН-аас нэр дэвшиж, хүчтэй өрсөлдөж байсан тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАХН-ыг парламентад суудалтай болгосон гавьяатай. Гэсэн хэдий ч мөнхийн эрх ашиг үйлчилдгийн тухайд энэ удаа намын даргаасаа нэр дэвшигчийн квот авах эсэх нь тодорхойгүй байна.
Нэр дэвшигчээ захиалсан ХҮН
Парламент дахь гуравдагч хүчин “Зөв хүн-элекотрат” эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ захиалаад байгаа. Тиймээс энэ эвслээс хэнийг нэр дэвшүүлсэн, захиалгаар хэн тодрох, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа. Ямартай ч олон нийтийн санал асуулгаар хэн нэгнийг тодруулан зарлах нь тодорхой. Харин захиалгат эрхэм өөрийнх нь эвслийнх тодрох уу, өрөөлийн намынх тодрох уу гэдэг эргэлзээтэй. Учир нь ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвших насны хязгаарт хүрээгүй, энэ удаад “балчирдсан” билээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ