COVID-19: Москвад вакцинд хамрагдсан ахмадуудад урамшуулал олгох хөтөлбөр эхэллээ

Оросын нийслэл Москва хотод коронавирусийн эсрэг вакцин тариулсан 60-аас дээш насны оршин суугчдыг урамшуулах хөтөлбөр эхэлжээ. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ахмадууд бэлгийн карт эсвэл урамшууллын код авах гэнэ. Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр, өнөөдрийн байдлаар 400 мянга орчим ахмад настан вакцинд хамрагджээ.
Сергей Собянины мэдэгдсэнээр, ахмад настнуудыг вакцинжуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх хөтөлбөрт зориулан хандив өргөхийг бизнесийн салбарынханд уриалсан бөгөөд улмаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх хангалттай хэмжээний хөрөнгө цугласан гэнэ.
"Дөрөвдүгээр сарын 27-ны мягмар гарагаас эхлэн Москвагийн эрүүл мэндийн даатгалтай, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас дээш насныхан 1000 рублийн үнийн дүнтэй бэлгийн карт эсвэл мөн ижил дүнтэй урамшууллын код авах эрхтэй" хэмээн Собянин мэдээлжээ.
Урамшууллын картуудыг хотын эмнэлгүүд болон вакцинжуулалтын цэгүүд дээр олгох бөгөөд урамшууллын код авахын тулд тусгай сайтад бүртгүүлэх ёстой гэнэ. Энэ урамшууллыг дэлгүүр, эмийн сан, кафегаас бараа үйлчилгээ авахад ашиглах боломжтой аж.
Өмнө нь, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийхдээ, сүүлийн хоёроос гурван долоо хоногт Москва дахь коронавирусийн тархалтын нөхцөл байдал эрс муудсан талаар онцолж байлаа. Тиймээс "хатуу хөл хорио"-оос зайлсхийхийн тулд ахмад настнуудыг коронавирусээс сэргийлэх вакцинд идэвхтэй хамруулах сэдлийг өгөх нь чухал хэмээн тэрбээр онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ