Персийн буланд Америкчууд Ираны онгоц руу гал нээжээ

Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Персийн буланд Исламын хувьсгалын харуулуудын корпусын Ираны хөлөг онгоцууд гурван цагийн туршид АНУ-ын эргийн хамгаалалтын хоёр хөлгийг бүсэлж, хэдэнтээ ойрхон зайд зөрсөн гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчид мягмар гарагт мэдэгдлээ. Энэ үйл явдал нь 2021 онд гарсан анхны энэ төрлийн үйлдэл бөгөөд Тегеран болон дэлхийн гүрнүүдийн хооронд цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай хэлэлцээг АНУ, Иран эхлүүлэхээр болсон тэр үед тохиосон нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр, Ираны дөрвөн онгоц АНУ-ын эргийн хамгаалалтын онгоцуудыг хүрээлсэн байна. Эдгээр онгоцоос арай том нь эргийн хамгаалалтын хоёр онгоцноос "хэт ойр зайд" хэдэнтээ өнгөрсөн гэнэ. Энэ талаар анх Тhe Wall Street Journal мэдээлсэн бөгөөд энэ хүртэл, бараг сар орчим хугацаанд энэ үйл явдлын талаар мэдээлээгүйн шалтгаан тодорхойгүй байгаа юм.
"Америкийн цэргийнхэн радио болон чанга яригч ашиглан Ираны цэргийнхэнд ийм үйлдэл гаргаж болохгүй гэж хэдэнтээ сануулсан ч Ираны хөлөг онгоцууд хэт ойртсоор байсан. Улмаар Firebolt хөлөг онгоц сануулга өгөн буудсаны дараа Ираны хөлөг онгоцууд аюулгүй зайд холдсон" хэмээн Америкийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдээд, гурван цагийн бүслэлтийн үеэр мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчлөхөөс аргагүй болсон гэдгийг онцолжээ.
Энд дуулгахад, Ираны хувьсгалын харуулын корпусын онгоцууд олон жилийн туршид Америкийн цэргийн онгоцуудыг далайд тойрох үйлдэл хийсээр байсан ч 2018 оноос эхлэн энэ үйлдэл цөөрсөн юм. Өмнө нь , Исламын хувьсгалын харуулууд Ерөнхийлөгч Хасан Рухани баруунтай хийх хэлэлцээрт саад болохын тулд америкчуудыг өдөөн хатгаж байсан гэж бүс нутгийн шинжээчид үздэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ