БНХАУ ирээдүйн орбитрын станцынхаа модуль бүхий пуужин хөөргөв

img

Дөрөвдүгээр сарын 29-ний өглөө Хятад улс ирээдүйн тойрог замын станцынхаа "Тяньхэ" үндсэн модулийг сансарт хөөргөжээ. Энэ үйл явдлыг Хятадын Төв телевиз шууд дамжуулсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад ирээдүйд барихаар зорьж буй "Тяньгун" буюу "Тэнгэрийн ордон" нэртэй тойрог замын үндсэн модулийг "Чанжэн-5В" пуужин тээвэрлэгч тойрог замд оруулсан байна. Пуужин Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас Бээжингийн цагаар 11:23 цагт хөөрчээ. Пуужин хөөргөх ажил амжилттай болсон бөгөөд пуужин тээвэрлэгчээс салсны дараа модуль тойрог замд орж, нарны батарейн хавтангууд амжилттай дэлгэгдэн, хэвийн горимоор ажилласан байна.

 

 "Тяньхэ" энэ модуль нь Хятадад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм. Түүний урт нь 16.6 метр, диаметр нь 4.2 метр аж. Түүн дээр хяналт удирдлагын төв, экипажийн амьдрах хэсэг байрлах аж. Түүнчлэн хэд хэдэн эрдэм шинжилгээ, технологийн туршилтууд явуулахаар төлөвлөжээ. 

 

Ирээдүйд ашиглалтад орох станцын ерөнхий зохион бүтээгчийн орлогч Жу Гуанчэний өгүүлснээр, Хятадын "Тяньгун-1", "Тяньгун-2" зэрэг өмнөх тойрог замын лабораториудыг нэг өрөө байртай харьцуулж болохоор бол шинэ станц нь зочны өрөө, гал тогоо, эд зүйл хадгалах өрөө гэсэн гурван өрөө байртай адилхан гэнэ. 

 

Тойрог замын станц нийт 66 тонн орчим жинтэй, Т хэлбэрийн байх бөгөөд хоёр талаас нь "Вэньтянь", "Мэнтянь" гэсэн тус бүр нь 20 тонн гаруй жинтэй туршилтын модулиудтай холбогдох аж. Станц дээр нэг удаад гурван сансрын нисэгч байх бол экипаж солигдох үед 10 хоногийн туршид зургаан хүн байрлах боломжтой гэнэ.

 

Энэ станцыг 2022 он гэхэд дуусган, 2023 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. "Тяньгун" станцыг 15 жил ашиглахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орбитрын гэсэн нь их юм
2021-04-29
орбитрын гэнэ үү
2021-04-29