Н.Алтанхуяг: Х.Баттулгыг хэтэрхий шударга бусаар тоглоомноос гаргасанд дургүй хүрлээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, дотоод сонгуулийн хороонд өнөөдөр материалаа хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэн мэдээлэл өглөө.
-Х.Баттулга ерөнхийлөгчийг нэр дэвшинэ гэж хүлээж байсан уу?
Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Учир нь МАН-ын 62 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг батламжилсан хүн. Өөрийнхөө эрхийг хасан хасан батламжлаагүй байх найдаж байсан. Өчигдөр оройг хүртэл Х.Баттулга нэр дэвшинэ гэж харлаа.
МАН-ынхан өрсөлдөж болох бүх хүнийг замаасаа зайлуулсан шударга бус зүйл хийж байна. Тиймээс дургүй хүрлээ. Монголын нийгэмд шударга бус зүйлийг устгамаар байна. Х.Баттулга гэдэг хүнийг хэтэрхий шударга бусаар тоглоомноос гаргаж байна.
-Та яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов?
-Хүчиндсээр байгаад Х.Баттулга гэдэг хүн дээр цэг тавилаа. Одоо энэ У.Хүрэлсүх яах уу, ганцаараа явах уу. 62 гишүүнтэй МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийг аваад Монгол Улс чинь Монгол ардын наман улс болох юмуу. Би 30 жилийн өмнө их сургуулийн багшийн ажлаа орхиод ардчилсан хувьсгалд оролцож байхдаа ийм нийгмийг бодоогүй. Шударга бусын хонгилыг нэг хүнээс аваад нэг намын даргын гарт өгөх тухай зүүдлээгүй. Бодож байсан зүйлс маань 180 хэм буруу эргээд байгаа учраас би энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдлээ. Шударга бусын хонгилыг устгаж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Байгалийн баялгийг цөөнх 30 биш 3 сая монголчууд хүртдэг боломжийг өөрөө орж үзэлцэж хийх хэрэгтэйг ойлголоо. МАН-ыг 65 хүнтэй болоод хийх байх гэж дөрвөн жил харлаа. Хийхгүй юм байна. Зориггүй, зүрхгүй, хулчгар, зовлон дундуур явж үзээгүй. Ажил мэдэхгүй. Юу ч зохион байгуулж чадахгүй.
-Та АН-ын гишүүнчлэлийн эрхээ хэзээ сэргээсэн вэ?
-Би АН-ыг анх үүсгэлцсэн, ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа ажилласан. Зургаан жил АН-ын дарга хийсэн хүн. Тэгэхээр би АН-аас явсан, гарсан, урвасан зүйл байхгүй. Намайг МАНАН бүлэглэлтэй тэмцсэний төлөө тэр үеийн манай намын дарга С.Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн намын хорооны хүмүүст хэлж байгаад намаас хасах шийдвэр гаргасан байдаг. Хасах, гарах гэдэг бол хоёр өөр ойлголт. Би бол гараагүй. Намайг хассан учраас би аргагүйн эрхэнд бие дааж нэр дэвшсэн.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ