Вакцин хийлгээгүй бол надад битгий ойрт

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Бид Ардчилсан Монгол Улсын иргэд. Гэхдээ эрүүл мэнд, нийтийн асуудалд өөрийн эрхийг ярьж, нийтийн амьд явах эрхэд халдаж болохгүй. Өөрөөр хэлбэл цар тахлын энэ үед зарим иргэд вакцинжуулалтандаа хамрагдахгүй нийтийн эрх ашигт халдаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Ингэснээр манай улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 39 981 болсон бол нас барсан хүний тоо 119 болсон байна.
Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цагт бидний хийх хамгийн чухал алхам бол вакцинжуулалтандаа хамрагдах юм. УОК-ын ажлын хэсэг энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Гэхдээ вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал. Энэ үед Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь дархлаажуулалтын хоёрдугаар тунгаа, 80-90 хувь нь эхний тунгаа авсан байна.
Харин орон нутагт 18-50 насны 808 284 хүн, 50-аас дээш насны 305 950 хүн амьдарч байгаагаас энэ сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 01-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар төлөвлөсөн. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 01-ний өдрүүдэд 11 аймаг 22 000 хүн тун вакцин түгээжээ. Харин өчигдрийн байдлаар нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93 000 хүн тун вакцин түгээсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэв.
Дэлхийн улс орнуудад вакцин олдохгүй хүнд хэцүү үеийг туулж байхад манай улс 4-5 төрлийн вакцины сонголттой байгаа. Гэвч харамсалтай нь зарим иргэд өдөр бүр вакциндаа хамрагдахыг гуйлгаж, хариуцлагагүй байдал үүсгэж байна. “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр Б.Болдсайхан эмч дархлаажуулалтандаа хамрагдахгүй байгаа хүмүүст хандаж “Халдварыг вакцин, хөл хорио хоёр л дарж чадна. Баян айлын эрх хүүхэд шиг л вакцинаа голж шилээд байж болохгүй” гэж хэлсэн нь хатуухан бөгөөд үнэн үг байлаа.
Тиймээс вакцины нийлүүлэлт тасалдахгүй, нөөц хангалттай байгаа энэ үед иргэн та үүргээ ухамсарлаж вакциндаа хамрагдах нь чухал болоод байна. Ингэж чадвал зуны дэлгэр цагийг хөл хориогүй өнгөрүүлэх боломжтой юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ