М.Болдсайхан: ЭЕШ-ын журмыг Засгийн газраас шийдвэрлэнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны 18 цагт дуусгавар боллоо. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. 2021 оны ЭЕШ 07-р сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн ЭЕШ-д хэдэн шалгуулагч бүртгүүлсэн, Монгол хэл бичгийн шалгалтыг хэзээ авах зэрэг асуудлаар БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-ЭЕШ-ын бүртгэл албан ёсоор дуусгавар боллоо. Хэдэн шалгуулагч бүртгүүлсэн байна вэ?
-Энэ жилийн шалгалтад нийт 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс энэ онд ЕБС-ийн 12-р ангийг төгсөж байгаа 31 782 сурагч байгаа бол өмнө оны 8638 шалгуулагч бүртгүүлсэн байна. Энэ жилийн ЭЕШ-ын шалгалтын даалгаврыг танхимаар судалсан агуулгад түшиглэж шалгалтын материалыг боловсруулна. Мөн БҮТ-өөс энэ жилийн ЭЕШ-ын химийн хичээлийн ерөнхий Блюпринт гаргасан.
-Монгол хэл, бичгийн шалгалтыг авах хуваарь гарсан уу?
-Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар босго оноо, ЭЕШ-ын зохион байгуулалт, Монгол хэл, бичгийн шалгалтын талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
-Шалгуулагчаас коронавирусийн PCR шинжилгээний хариу шаардах уу? Вакцинд хамрагдсан байх ёстой юу?
-Иргэдийн дунд ЭЕШ өгөх сурагчид "заавал вакцинд хамрагдсан байх ёстой" гэсэн таамаг яриа байна. ЭЕШ өгөх шалгуулагчид албан ёсоор вакцинд хамрагдсан байх гэсэн шаардлага тавих шийдвэр гараагүй.
- Энэ жил ЭЕШ-ыг хэдэн шалгалтын байранд зохион байгуулах вэ?
-Энэ жилийн ЭЕШ-ыг 100 шалгалтын байранд зохион байгуулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ