Л.Баттөр: Бидний хүссэн үр дүнд хүрч чадсангүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш буюу тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн. Иймд УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 28 хонолоо. Бидний хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоногт гаргадаг тооцоо судалгаа мэдээллээр халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос сайжирсан үзүүлэлт байгаа учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар болж байна. Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахдаа шилжилтийн тодорхой арга хэмжээг авч байгаа. Цар тахлын аюул холдоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцинжуулалтын идэвх сайжирч байна. Вакцины нөөц хангалттай бүрдсэн учир орон нутагт дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Гэхдээ вакцинжуулалтдаа хамрагдаагүй хүн амын тоо цөөнгүй байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай.
Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Манай улсын эрдэмтэд Япон улсад мутацилагдсан вирус байгаа эсэхийг тогтоохоор судалгаа шинжилгээ хийсэн. Ингэхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр тодорхойлогдож байгаа. Тиймээс сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж байгаа эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ