Ерөнхий сайд вакцин татан авалтад саад учруулсан УИХ-ын гишүүнийг зарлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцах үеэрээ УИХ-ын нэр бүхий гишүүн вакцин татах авах ажилд саад учруулсан тухай дурдаад өнгөрсөн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд тухайн гишүүний нэрийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэмээн зарлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ асуудалд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийнбүрэн нар байсан. Хэвлэл мэдээллийн зарим сэтгүүлчтэй холбогдож энэ асуудлыг ярьсан. Мөн гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч, шалгуулна.
УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа орж ирсэн үү, үгүй юү гэдэг, эсвэл нөхөр нь шүүх хууль хяналтын байгууллагатай холбогдон Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд таарахгүй гэж бодож байна. Энэ хувь хүний эрх чөлөө байж болно. Гэхдээ үүний цаана улс, Засгийн газрын асуудал яригдаж байна. Маш харамсмаар үйлдэл УИХ-ын дэд дарга болон түүний гэр бүлийн хүнээс гарсан. Би маш их харамсч байгаа. Цаашдаа ийм асуудал гарвал хэлээд явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал, Монгол Улсын аюулгүй байдлын асуудал. Нэг ширхэг ч вакцин авчирч чадахгүй, үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хатуу анхааруулж хэлмээр байна" гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ