Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар зарим мэдээлэл өглөө. Тэрбээр "2016 оны 03 дугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн хойноос хөөцөлдөж байна. Би эрх мэдэлтэй, баян тарган хүний араас хөөцөлдөөгүй. Хэлмэгдсэн гэдгийг хэтэрхий сайн мэдэж байгаа учраас би хөөцөлдөөд байгаа юм. Монголд шударга ёс, хууль ёс байдаг үгүйг үзэх гэж зургаан жил болж байна.
Захиалагчийг тогтоож чадаагүй байж захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял өгсөн. Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Хамжигчаар Б.Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй, сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан, найман сар хориод тавьсан.
2016 оны 09 дүгээр сарын 02-нд Э.Бат-Үүлийг хамтран С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан, нотлогдож байгаа тул гээд. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.
Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар яриад байсан. Амгаланбаатар олон зүйл ярьж байхад Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй. Ийм байгаа учраас би хүн хэлмэгдүүлсэн гэж тууштай үзэж байгаа. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ