Вакцинжуулалтандаа хамрагдвал улсаараа наадамлана

Өчигдрийн байдлаар 639 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 45 459 боллоо. Харамсалтай нь халдварын улмаас найман хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 170 болж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн өнөө үед дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж байгаа. Тухайлбал, манай улс 18-аас дээш насны иргэдээ дархлаажуулж байна. Тэгвэл хүүхдүүдийг хэзээ дархлаажуулах, улсын баяр наадам зохион байгуулах уу зэрэг олон асуулт бий. Уг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулсаны 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцуулах үеэрээ хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв хөл хорио огт тогтоогоогүй байсан бол 1 сая хүн халдвар авч, нас барсан хүний тоо 10-20 мянга давах эрсдэлтэй байсан. Судлаачдын зүгээс хөл хорио нэмэх нь вакцин гэвэл хамгийн зөв арга болно гэж хэлсэн. Ингээд бид вакцины татан авалттай холбоотой хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Нийт 17 удаагийн татан авалтаар нийт 3555 440 тун вакциныг татан авсан байна. Хүн амын 77,2 хувийг нэгдүгээр тунд, 30,2 хувийг хоёрдугаар тунд хамруулсан.
Засгийн газраас Цар тахалгүй зун гэдэг уриалгыг дэвшүүлж 4-5-р сарыг үндэсний хэмжээний вакцинжуулалтын аян болгож зарласан. Мөн 12-18 насны иргэдээ вакцинжуулж сүргийн дархлаа тогтоно. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд байдаг. Энэ асуудалд Засгийн газрын зүгээс хэлэлцүүлэг хийж Пфайзер вакцинаар дархлаажуулж, намар хичээлээ хугацаанд нь оруулахаар хэлэлцэж байна. Тодруулбал, долдугаар сарын 01-нээс өмнө Пфайзер вакциныг оруулж ирнэ. Дотоодын нөөцөө ашиглаад хүүхдүүддээ зориулж вакцин худалдан авна” гэв.
Мөн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “6-р сарын дунд гэхэд вакцинжуулалт-давтан тун хүн амын 60 хувьд хийх тул наадмыг үзэгчидтэй, 1024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон. Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50 мянган төгрөг өгнө. 12-17 насны хүүхдүүдээ долдугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэнэ. Наадмыг үзэгчидтэй, 1024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон” гэж цахим хуудаснаа бичжээ.
Долдугаар сарын 01 гэхэд иргэдээ бүрэн дархлаажуулалтанд хамруулж, Пфайзер вакцинаа татан авч хүүхдүүдээ вакцинжуулж эхэлбэл, "Эрүүл явбал улсын наадам үзнэ" шиг хүн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, дархлажуулалтандаа хамрагдвал улсын наадмаа уламжлал ёсоороо сэтгэл тэнүүн үзэхсэн дээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ