Израиль, Палестины зөрчил хурцдав

img

Сүүлийн өдрүүдэд Израиль, Палестины хоорондын зөрчил эрс хурцдаж, Израилийн нутаг дэвсгэр рүү ХАМАС /shuud.mn: Газын зурваст эрх барьдаг Палестины исламын хөдөлгөөн/ пуужингийн цохилт өгч, хариуд нь Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурвасыг бөмбөгдөж байгаа юм. Нөхцөл байдал ийнхүү хурцадсантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хаалттай хуралдаан хийсэн байна. 

 

Энэ бүс нутагт нөхцөл байдал сүүлийн хэдэн долоо хоногийн туршид хурцадмал хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Аль-Акс сүмийн гадна палестинчууд болон Израилийн цагдаагийнхан мөргөлдсөн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Энэ мөргөлдөөн нь Иерусалимын дорнод хэсгээс хэд хэдэн палестин гэр бүлийг нүүлгэх гэсэн Израилийн оролдлогыг эсэргүүцэн палестинчууд цагдаагийнхан руу чулуу нүүлгэснээс үүджээ. Үүний хариуд Израилийн цагдаагийнхан резинэн сум болон нулимс асгаруулагч хийж ашигласан байна.

 

Хэдэн өдөр үргэлжилсэн энэ эмх замбараагүй байдлын улмаас 600 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Улмаар Палестины тал үүний хариуг өгнө хэмээн мэдэгдэж, өнгөрсөн хоногт 200 орчим пуужин хөөргөсний зарим нь ил задгай хэсэгт унасан бол зарим нь Иерусалим болон ойролцоох хүн ам суурьшсан газруудад хүрчээ.

 

"Даваа гарагт хотод өдөржин агаарын түгшүүрийн дохио хангинасан. Ердөө манай дүүрэгт гэхэд л гурван удаа дэлбэрэх чимээ сонсогдсон. Гурван пуужин унасан байна билээ" хэмээн Иерусалимын оршин суугч ВВС агентлагт ярьжээ. Палестины талаас ойр ойрхон пуужингаар галлаж байсны улмаас Израилийн парламентыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ХАМАС-ыг Израилийн эсрэг үйлдэж буй түрэмгийллээ зогсоохыг уриалсан бол Британи улс нөхцөл байдлыг нэн даруй намжаахыг уриалжээ.

 

"Баруун эрэг, Газ, Дорнод Иерусалим дахь хүчирхийллийг нэн даруй зогсоох ёстой. Газын нутаг дэвсгэрээс хүн ам суурьшсан газхууд руу пуужингаар харваж байгаа нь байж болшгүй хэрэг бөгөөд хурцадмал байдлыг улам даамжруулж байна" хэмээн Европын холбооны олон улсын харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Иордан болон Кувейтийн төрийн тэргүүнүүдтэй утсаар ярилцсаны дараа, Иерусалим дахь ариун газруудад мусульманчууд руу халдаж байгаа нь хүнлэг бус бодлого хэмээн мэдэгджээ.

 

Палестины талаас удаа дараа пуужингийн цохилт өгсний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин даваа гарагийн орой Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн цэргийн объектуудад хариу цохилт өгсөн байна. Израилийн командлалын мэдээлснээр, пуужингийн төхөөрөмж, цэргийн постууд болон зэвсэг тээвэрлэхэд ашигладаг хонгил гэсэн объектууд дээр агаараас цохилт өгчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

70 аад онд ч байлдаал байсан санахын яагаад шийдэж чаддаггүй улс вэ
2021-05-17