Э.Бат-Үүл: С.Зоригийг гадны захиалгаар хөнөөсөн байж болзошгүй
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийж байна. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хийсэн "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчаар С.Бат-Үүлийг шалгасан" гэх мэдээлэлд хариу мэдэгдэл хийж байна. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "2019 оны 04 дүгээр сард би ХЗДХ-ийн сайд нэр дээр олон жил намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбож зохион байгуулалттай гүтгэж байна. Тиймээс цаад эздийг олж, үнэн мөнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэх хариунууд ирсэн. Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргасан хачин авирыг хараад би хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан гэх сэтгэгдэл төрөх боллоо. Ц.Нямдорж энэ хэргийн захилагчтай холбоотой юм биш үү гэсэн бодол төрөх боллоо гэдгийг мэдэгдэж байна" хэмээн ярилаа. Тэрбээр “надад ингэж үзэх гурван үндэслэл байна.
-
Ц.Нямдорж хуульзүйн яамыг 20 жил толгойлсон хүн. Сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан хүний хувьд Монгол Улсад хүн бүхэн хуулинд захирагдах ёстойг сайн мэднэ. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстойг сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ хүн сандарч тэвдээд хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавьж байгаа нь но-той гэсэн үг.
-
Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Айл гэр шатааж, хүний амь насанд хүрсэн алуурчны үгээр ийм зүйл хийж байна. Сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.
-
Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ярьж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэх биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг хүн. Эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирсэн.
Ц.Нямдорж захиалагчтай холбоотой байж магадгүй гэсэн миний хардлага үнэн бол С.Зоригийг хөнөөсөн явдал гадны захиалгатай хэрэг. Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсныг манай тагнуулын байгууллагын хариуцлагатай албан тушаалтан мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задалсан хэргээр яллагдсан.
Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургуулсан хорт могой гэдгийг би зориуд хэлье. Ц.Нямдорж Монголын төрийн бодлогыг хэд хэдэн удаа эвгүй муухай элэгдэж байсныг би мэднэ. Их хачин зүйл хийдэг байсан. Тиймээс би шүүх, тагнуулын байгууллагад хандана. С.Зоригийг хөнөөсөн хэрэг гадны байгууллагын захиалгатай байж магадгүй гэсэн өнцгөөс харж шалгахыг шаардана” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрбээр МАН сонгууль бүрийн өмнө ийм ажил хийдэг. Энэ удаа ч гадны агент Ц.Нямдоржоороо дамжуулан намайг гүтгэж байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт үндэсний эрх ашгийг хамгаалсан хүн надаас өөр байхгүй. Өнөөдрийг хүртэл энэ хэргийг улстөржүүлээгүй яваа хүн нь би шүү. Миний хүчин зүтгэлийн ачаар бид С.Зоригоо Сүхбаатарын талбайгаас хүндэтгэлтэйгээр үдсэн. Би үүнийг хаана ч хэлнэ гэсэн мэдэгдлийг хийлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ