АНУ-ын дөрвөн муж бензингүй болжээ

img

АНУ-ын баруун дөрвөн мужид байх шатахуун түгээх станцуудын талаас илүү хувь нь бензингүй болжээ. Энэ талаар тус улсын түлшний үнийн талаарх мэдээллийг хүргэдэг GasBuddy төрөлжсөн цахим хуудас мэдээлсэн байна. 

 

"Хойд Каролинад түлшний хомстол нүүрлэсэн. Энэ мужийн шатахуун түгээх станцуудын 69 хувь нь түлшгүй болсон байна" гэж GasBuddy мэдээлжээ. Түүнчлэн Виржиния мужид шатахуун түгээх станцуудын 52 хувь, Өмнөд Каролинад 48 хувь, Жоржия мужид станцуудын 46 хувь нь бензингүй болсон байна. 

 

Бусад мужуудад нөхцөл байдал хэвийн байгаа ч ихэнх станцууд тун удалгүй түлшгүй болж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Дээр дурдсан мужуудад түлшний хомстол нүүрлэсний улмаас бензин түгээж буй станцууд дээр урт дараалал үүсч, хүмүүс олон цагаар бензин авахаар хүлээж байгаа аж. 

 

Ийнхүү түлшний хомстол үүсэх болсон нь газрын тос, хий дамжуулах хоолойн ажил зогссонтой холбоотой юм. Үүний дараа оршин суугчид түлшний хомстол үүсч болзошгүй гэж болгоомжилсны улмаас бензин ихээр нөөцлөх болсон байна.

 

Colonial Pipeline газрын тос дамжуулах хоолойн оператор компани руу өнгөрсөн баасан гарагт цахим халдлага хийсэн бөгөөд системийн хэвийн ажиллагааг сэргээхийн тулд хакерууд мөнгө шаардсан юм. Colonial Pipeline нь өдөрт 2,5 сая баррель газрын тос шахаж, АНУ-ын дорнод эргийн хэрэглээний нийт түлшний 45 хувийг дангаар хангадаг аж. Энэ дамжуулах хоолой цахим халдлагын улмаас сул зогсох болсон нь түлшний тасалдал ихээр үүсэх шалтгаан болж болзошгүй гэж шинжээчид үзэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин 966:
орос ах нар маш сайн ажиллаж байна. Цаашдаа улам хүндрэх байх улс төрөө гэж том асуудал
2021-05-13