Гурван өдрийн туршид Газын зурвасаас Израиль руу 1,5 мянган пуужин харважээ

Палестинтай залгаа хил дээр нөхцөл байдал даваа гарагт хурцадсанаас хойш гурван өдрийн дотор Палестины ХАМАС хөдөлгөөний дайчид Израиль руу 1,5 мянган пуужин харважээ. Энэ талаар Израилийн арми пүрэв гарагт Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
"Сүүлийн гурван өдөр ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израиль руу 1,5 мянга гаруй пуужин харваж, 140 км зайд энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдсэн" хэмээн Израилийн арми мэдэгджээ.
Даваа гарагаас эхлэн Израилийн арми болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд харилцан нэгэнрүүгээ пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Ийнхүү байдал хурцдах болсон нь тавдугаар сарын эхээр Дорнод Иерусалим дахь Альс-Акса сүмийн гадаа болж, 700 гаруй палестины оршин суугч гэмтэж бэртсэн эмх замбараагүй байдлаас үүдэлтэй.
Лхагва гарагт ХАМАС бүлэглэл эвлэрэх санал гаргасан ч Израиль энэ саналыг хүлээж аваагүй талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ. Улмаар өнгөрсөн шөнө Израилийн арми газын төв дэх захиргааны байрнууд дээрээс нисэгчгүй нисэх аппаратын тусламжтайгаар цохилт өгсөн байна. Тэр дундаа Сангийн яам Исламын үндэсний банкны барилгууд пуужингийн цохилтод өртсөн талаар "Дунья аль-Ватан" сайт мэдээлжээ.
Үүнээс өмнө, Газ дахь хэвлэл мэдээллийн хэд хэдэн редакци байрлаж байсан 16 давхар барилга цохилтын улмаас нурж, үүний хариуд ХАМАС бүлэглэл Израилийн Ашкелон, Нетивот, Сдерот гэсэн хотуудын чиглэлд 130 пуужин хөөргөснөөс зарим пуужин орон сууц оносон талаар ВВС мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ