"ХХI зууны Чернобыль" буюу цар тахлаас сэргийлэх боломж байв уу

Хятадын Ухань хотод анх 2019 оны сүүлээр илэрсэн коронавирус дэлхий дахиныг бүрхэж, цар тахлын хэмжээнд хүрсээр хэдийнэ хоёр жил орчмын нүүрийг үзэж байгаа ч төдийлөн намжихгүй л байна. Коронавирусийн үүсэл, учир шалтгааныг судлахаар өнгөрсөн хугацаанд олон орны эрдэмтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар бүлэг болон нэгдэж ажиллаад төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байлаа. Хөндлөнгийн шинжээчдийн комисс багагүй хугацаанд судалгаа хийсний дүнд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, ДЭМБ болон дэлхийн орнуудын засгийн газруудын арга хэмжээнүүд өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн "хортой коктейл" байсан гэнэ.
Хөндлөнгийн шинжээчдийн комиссын тайланд өгүүлснээр ДЭМБ дэлхийн хэмжээний түгшүүрийг харьцангуй эрт зарлах ёстой байсан аж. Түүнчлэн дэлхий дахинд нэн яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол дахин өөр аюулт өвчин дэгдэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Өдгөө дэлхий даяар коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас 3,3 сая гаруй хүн нас барсан байна. АНУ, Европ зэрэгт хязгаарлалтуудыг аажмаар цуцалж эхлэн, хэвийн амьдралдаа эргэн орж байгаа бол Азийн зарим орнуудад вирус хурдтайгаар тархсаар байна.
Нэн ялангуяа Энэтхэгт нөхцөл байдал тун хүнд байгаа юм. Энэ улсад шинээр бүртгэгдэх халдвар болон нас баралтын тоо улам нэмэгдэж, эмнэлгүүдэд нь хүчилтөрөгчийн хомстол нүүрлэснээр байдлыг улам хүндрүүлж байна.
Комиссын тайланд юу өгүүлэв
"COVID-19: Энэ цар тахлыг хэрхэн сүүлийнх болгох вэ" нэртэй тайланг цар тахалд болон хариу арга хэмжээнд бэлэн байх үнэлгээний хараат бус комисс гаргажээ. Коронавирусийн улмаас 3,3 сая хүн нас барж, 159 сая хүн халдвар авахын учир юу байв гэсэн асуултад хариулт олох нь энэ тайлангийн зорилго байсан гэнэ.
"Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой байсан. Гэхдээ бэлэн байдал болон хариу арга хэмжээний олон алдаа, завхрал, хугацаа алдсаны улмаас ийм байдалд хүрлээ" хэмээн комиссын дэд дарга, Либерийн Ерөнхийлөгч асан Эллен Жонсон-Серлиф мэдэгджээ.
ДЭМБ Хятад дахь дэгдэлтийг дэлхийн хэмжээний онц байдал гэж зарласан өдрөөсөө долоо хоногийн өмнө ийм мэдэгдэл хийх ёстой байсан гэж комисс үзсэн байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр биш харин нэгдүгээр сарын 22-ны өдөр болсон ДЭМБ-ын Онц байдлын хорооны хурал дээр зарлах ёстой байсан гэж комиссын тайланд өгүүлжээ.
Ингээд, улс орнууд вирусийн тархалтыг зогсоох зорилгоор зүй зохистой арга хэмжээнүүд авч чадахгүй байсны улмаас онц байдал зарласны дараах бүтэн сарын хугацаа хий дэмий алдагдсан гэж эрдэмтэд үзсэн байна.
Цаашлаад, хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга нь хамгийн эцсийн арга гэж ДЭМБ зарласнаар олон орон хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалгүй, АНУ, Европ хоёрдугаар сарыг бүтэн алдаж, эмнэлгүүд халдвар авсан хүмүүсээр дүүрч эхлэх үед л анхны алхмуудаа хийж эхэлсэн гэж комиссын гишүүд онцолжээ.
Ингээд коронавирусийн халдвартай өвчтөнүүд ихээр нэмэгдэхэд эрүүл мэндийн салбараа бэлдэхийн оронд ихэнх орнууд хамгаалалтын хэрэгсэл болон эм бэлдмэл авахаар нэн тэргүүнд өрсөлдөж эхэлсэн гэж шинжээчдийн тайланд өгүүлжээ.
Тайлангийн зохиогчид дүгнэлтээ гарган, цаашид шинэ цар тахлаас зайлсхийхийн тулд дараах гол шинэчлэлтүүдийг хийх ёстой гэж үзсэн байна.
- Улс орнуудыг хариу арга хэмжээнд уриалах эрх бүхий, дэлхийн хэмжээний аюул заналын асуудлыг хариуцах шинэ зөвлөл байгуулах
- Улс орнууд зайлшгүй батлах шаардлагагүйгээр мэдээллийг нь нийтэлдэг халдварын нөхцөл байдлын талаарх системийг бий болгох
- Вакциныг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн гэж ангилан, цар тахал үүссэн нөхцөлд санхүүжүүлэх институтийг байгуулах
- Хүн амд ноогдох орлого багатай орнуудад вакцины тусламж үзүүлэх зорилготой КОВАКС хөтөлбөрт зориулан 1,9 тэрбум ам.доллар гарган өгөхийг "Их долоо"-ийн орнуудаас нэн даруй шаардах.
"ХХI зууны Чернобыль"
Хөндлөнгийн шинжээчдийн комиссын тайланд хамгийн их анхаарал татсан хэсэг нь цар тахлыг "XXI зууны Чернобыль" хэмээн харьцуулж, халдвар тархаж байсан 2020 оны хоёрдугаар сард дэлхий дахин ямар ч үр ашиггүйгээр бүтэн сарын хугацаа алдсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт байлаа.
Шинжээчид дараа дараагийн халдвараас сэргийлэхийн тулд үр дүнтэй механизм бий болгохыг уриалахын дээр ДЭМБ хүчтэй, илүү их бүрэн эрхтэй байхын тулд энэ байгууллагын санхүүжилтийг сайжруулах ёстой гэж үзсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойших дэлхийн эдийн засгийн хамгийн хүчтэй доргилтод энэ тахлын улмаас өртсөн тул улс орнууд ийм нөхцөл дахин давтагдахгүй байхыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс хамтарсан хариу арга хэмжээг шуурхай авах механизм бий болгох шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ