АНУ: Хакерын халдлагын улмаас зогссон хийн хоолойн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээв

Өнгөрсөн баасан гарагт цахим халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон АНУ-ын томоохон түлш дамжуулагч болох Colonial Pipeline ажлаа аажмаар сэргээж байгаа талаараа мэдэгдсэн байна. Тус компанийн гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, түлш дамжуулах ажлыг хэсэгчлэн сэргээсэн бөгөөд гэхдээ хакерын халдлагын дараа үйл ажиллагааг бүрэн сэргээхэд дахин хэдэн өдрийн хугацаа шаардагдах гэнэ.
АНУ-ын дорнод эргийн гол нийлүүлэгчид тооцогддог энэ компанийн үйл ажиллагаа зогссоноор хэд хэдэн мужид бензин тасалдсан байна. Зарим газрууд түлшгүйн улмаас хаагдсан бол нөгөө хэсэг дээр нь асар их дараалал үүсчээ.
Хомстол нүүрлэсний улмаас түлшний үнэ 2014 оноос хойших хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн байна. Эрх баригчид америкчуудыг түлш нөөцлөхгүй байхыг уриалсаар байна. Хэсэг хүмүүс хогийн гялгар уутанд түлш юүлэн авч байгааг харуулсан зураг олон нийтийн сүлжээнд гарсны дараа АНУ-ын Тээврийн сайд Пит Буттежаж зориулалтын бус саванд түлш хадгалж ашиглахгүй байхыг уриалжээ. Түүнчлэн ийн нөөцлөх нь амь насанд аюул учруулахуйц үр дагавар авчирж болзошгүйг сануулсан байна.
Энд дуулгахад, Colonial Pipeline хийн хоолой өдөр бүр 2,5 сая баррель газрын тосны бүтээгдэхүүнийг дорнод болон өмнөд мужууд руу дамжуулдаг юм. Энэ компани АНУ-ын дорнод эргийн шатахууны нийлүүлэлтийн тал орчим хувийг хангадаг аж.
Харин тавдугаар сарын наймны өдөр энэ компанийн системд хакерууд халдсаны улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогссон юм. DarkSide гэх хакерын бүлэглэл энэ халдлагын хариуцлагыг өөр дээрээ авсан бөгөөд тэд компьютер дэх мэдээллүүдийг нууцалдаг вирустэй программ ашиглаж, мэдээллийг нууцлан шифрлэснийг тайлахын тулд мөнгө нэхсэн байна. Хичнээн хэмжээний мөнгө нэхсэн, түүнчлэн энэ мөнгийг төлсөн эсэх талаар Colonial Pipeline мэдээлээгүй хэвээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ