АНУ вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд сая долларын шагналтай сугалаа явуулна

АНУ-ын Охайо муж коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийн тулд долоо хоног бүр сая долларын шагналтай сугалаа зохион байгуулахаар болжээ. Энэ сугалаанд вакцины эхний тунг тариулсан хүн ч оролцож болох гэнэ.
NBC агентлагийн мэдээлснээр, эхний азтан тавдугаар сарын 26-нд тодрох юм байна. "Таван долоо хоногийн туршид лхагва гараг бүрт азтан тодруулна" хэмээн мужийн захирагч Майк Девайн мэдэгджээ. Харин 12-17 насныхны дунд өөр сугалаа зохион байгуулж, сугалааны азтан болсон таван сурагчийн их дээд сургуулийн төлбөрийг бүрэн төлөхөөр болсон талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Коронавирусийн халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа АНУ-д урьдчилан сэргийлэх тарилгад иргэдийг олноор хамруулахын тулд төрөл бүрийн арга сэдэж байгаа юм. Өмнө нь Нью-Жерси мужийн эрх баригчид коронавирусээс сэргийлэх тарилга хийлгэсэн бүхэнд үнэ төлбөргүй шар айраг өгнө гэж амлаж байлаа.
Энд дуулгахад, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар 33 сая бүртгэгдсэнээс 583 647 хүн хүндрэлийн улмаас нас барсан. Халдвар болон нас баралтын үзүүлэлтээр АНУ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ