Дундад зууны үеийн сүмд амны хаалттай хүн дүрслэгдсэний учир

img

Английн Хартфордшир дэх Гэгээн Олбансын сүмээс олсон дүрс олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархаж, хүмүүс гайхширч байна. Тэдний гайхширсаны учир нь сүмийн нэг ханан дээр өдгөө бидний амьдралын салшгүй хэсэг болсон амны хаалттай хүний толгой дүрслэгджээ

 

Энэ сүмийг 1115 онд босгосон, харин нууцлаг дүрслэл бүхий хэсгийг 1350 онд барьж дуусгажээ. Гэтэл үүнээс хойш 700 жилийн дараах үйл явдлыг зөгнөсөн мэт дүрслэл хаанаас гарч ирэв? Эртний зөнчид өнөөгийн цар тахлыг зөгнөж байв уу? Энэ асуулт олон хүний сонирхлыг татсаар байна. 

 

Үнэндээ энэ дүрслэлд ямар ч нууц байхгүй гэнэ. Дүрс нь амны хаалттай толгойтой адилхан харагдаж байгаа хэрэг биш үнэхээр л амны хаалттай толгойг дүрсэлсэн баримал аж. Гэхдээ 1350 онд бүтээгдээгүй, харин саяхан сүмийг сэргээн засварлах үеэр энэ баримлыг шинээр бүтээж суурилуулсан гэж  Live Science мэдээлжээ. 

 

Барилгачид "манай зууны 2020-2021 онуудад нүүрлэсэн эрүүл мэндийн салбарын хямрал"-ын дурсгалд зориулж амны хаалттай баримлыг тусгайлан бүтээж, хананд байршуулжээ. 

Сүмийг сэргээн засварлахын өмнө 

 

Сүмийг сэргээн засварлах үедээ тухайн эрин цагт хамаарах бэлгэдлээр чимдэг уламжлал христийн шашинд ихээхэн түгээмэл байдаг. Үүний нэг жишээ нь Испанийн Саламанка дахь Гэгээн Иеронимийн сүм юм. Энэ сүмийг 1513-1733 оны хооронд босгож байжээ. Сүм дээр сансрын нисэгчийн баримал байдаг бөгөөд мэдээлэл муутай хүмүүс үүнийг одоо хэр нь зөнч, цаг хугацааны машинтай холбон тайлбарласан хэвээр.

Саламанка дахь Гэгээн Иеронимийн сүмийн хананд байх сансрын нисэгч 

Үнэн хэрэгтээ сансрын нисэгчийн өмсгөлтэй энэ баримлыг 1992 онд нэмэн байршуулжээ. Тухайн үед уран барималч эрин цагийн бэлгэдлийг сонгохдоо сансрын сэдвийг чухалчилсан нь энэ аж.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ