АНУ-ын найман мужид ШТС бензингүйн улмаас хаагджээ

img

Өнгөрсөн баасан гарагт хакерын халдлагад өрсөн Colonial Pipeline газрын тос дамжуулах хоолой АНУ-ын баруун эргийн гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд цахим халдлагын улмаас энэ компани үйл ажиллагаагаа зогсоосон нь шатахууны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн юм. Долоо орчим хоногийн хугацаанд гол нийлүүлэгчийн үйл ажиллагаа тасалдсанаар бензиний хомстол үүсч, олон мужид шатахуун түгээх станцууд түр хаалгаа барьж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Тавдугаар сарын 13-ны өдөр Colonial Pipeline газрын тос дамжуулах хоолойн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээж байгаа талаар зарласан ч АНУ-д шатахуун түгээх станцууд олноор хаагдсан хэвээр байгаа талаар GasBuddy төрөлжсөн сайт мэдээллээ. Тодруулбал, Америкийн найман мужид түлшний хомстол нүүрлэсэн хэвээр байгаа гэнэ. 

 

"Вашингтонд шатахуун түгээх станцуудын дөрөвний гурав орчим нь бензингүй болсон бол Хойд Каролинад талаас илүү хувь нь, Өмнөд Каролинад ч станцууд бензингүй болсон" гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Виржиния, Жоржия мужуудын шатахуун түгээх станцуудын тал хувь нь бензингүй болсон бол Мэриленд, Теннесси, Флорида мужуудад бензинийг хязгаарлалттай өгч, харин Алабама, Миссипи, Баруун Виржиния, Кентукки, Делавэр, Нью-Жерси мужуудад ч зарим шатахуун станцуудын үйл ажиллагаа доголдож байгаа гэнэ. 

 

Ийнхүү түлшний хомстол үүсэх болсон нь газрын тос, хий дамжуулах хоолойн ажил зогссонтой холбоотой юм. Үүний дараа оршин суугчид түлшний хомстол үүсч болзошгүй гэж болгоомжилсны улмаас бензин ихээр нөөцлөх болсон байна.

 

Colonial Pipeline газрын тос дамжуулах хоолойн оператор компани руу өнгөрсөн баасан гарагт цахим халдлага хийсэн бөгөөд системийн хэвийн ажиллагааг сэргээхийн тулд хакерууд мөнгө шаардсан юм. Colonial Pipeline нь өдөрт 2,5 сая баррель газрын тос шахаж, АНУ-ын дорнод эргийн хэрэглээний нийт түлшний 45 хувийг дангаар хангадаг аж. Энэ дамжуулах хоолой цахим халдлагын улмаас сул зогсох болсон нь түлшний тасалдал ихээр үүсэх шалтгаан болж болзошгүй гэж шинжээчид үзэж байлаа.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ