Гэр бүлийн тухай сонирхолтой баримтууд

img

 

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 1994 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тунхагласан энэ өдрийг гэр бүлийн олон асуудалд дэлхийн улс орнуудын олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэдэг болжээ.

Улс орон бүр өөр өөрийн зан заншил, амьдралын хэв маягтай. Үүнийг дагаад ч гэр бүлийн асуудал, үнэт зүйл харилцан адилгүй байх нь бий. Зарим орнуудын гэр бүлийн онцлогийн талаарх сонирхолтой цөөн баримтуудыг хүргэж байна. 

Франц хүүхдүүд бага наснаасаа л бусдын хэрэгцээг хүндэлж сурдаг

Франц гэр бүлүүд хүүхдийг багаас нь эхлэн  хэт бөөцийлдөггүй, гэр бүлд тогтоосон дүрэм журамд дасаж, мөрдөх ёстой гэж хүмүүжүүлдэг аж. Франц хүүхдүүд бүр багаасаа л дэлхий дээр өөр хүмүүс ч амьдардаг, тэдний хэрэгцээ өөрийнхтэй нь ижил чухал гэдгийг ойлгож өсдөг аж.

Хүүхдээ хоёроос дөрвөн настай байхад нь ээжүүд тэднийг хүлээж сургадаг байна. Ингэснээр цаг хугацааны ойлголт өгдөг бөгөөд франц ээжүүд хүүхдүүддээ бүхнийг зөвшөөрч, хэт эрхлүүлэн, "бурхан мэт залах"-гүйгээр хувь хүн болгон өсгөхөд илүүтэй анхаардаг зарчимтай гэнэ.

Хүүхдүүдийн тэвчээртэй байдлыг "амттаны тест"-ийн тусламжтайгаар шалгадаг байна. Энэ нь эцэг эхчүүд зөвшөөрөхөөс нааш дуртай амттанаа идэж болохгүй, хүлээх сорил юм. Энэхүү сорилын тусламжтайгаар хүүхдүүдийг хүссэнээ авахын тулд хүлээх чадварт сургадаг аж.

Өөр нэг чухал хүмүүжлийн арга нь хүүхдүүдийг бүр багаас нь л хооллох тодорхой дүрмүүдийг баримталж сургадаг. Хүүхдүүд ёсзүйн бүхий л хэм хэмжээг баримтлан, яаралгүй, нямбай хооллодог. Гэр бүлээрээ нэг ширээний ард суун хооллох бөгөөд энэ үеэрээ хөнгөн зууш, үндсэн хоол, десерт гэсэн хооллох дараалалд сургадаг аж. Ийм уламжлалаар өссөн хүүхдүүд өсөж томорсон хойноо ч гэр бүлээ орхилгүй, хамтдаа хооллодог бөгөөд ЮНИСЕФ-ийн судалгаагаар насанд хүрсэн францчуудын 90 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа эцэг эхтэйгээ хооллодог гэнэ. 

Франц эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээсээ хойш гурван сарын дараа ажилдаа орох нь элбэг. Гэхдээ санхүүгийн хүндрэлээс болж биш харин өөрийн хүсэлтээр ажилдаа ордог гэнэ. Энэ улсын гэр бүлийн хосын 91 хувь нь хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг бол хамгийн зохистой гэрлэлт гэж үздэг аж. Түүнчлэн франц гэр бүлүүд үүрэг хариуцлагаа нарийн хуваарилсан байдаг нь гэр бүлийн эв найрамдалтай байх нэг нууц нь гэж үздэг байна. 

Израиль эцэг эхчүүд нэгнээ хайрлан хүндэлж, хүүхдүүддээ үлгэр дуурайл болдог 

Хамгийн тайван, тогтвортой гэр бүлүүд Израильд байдаг гэж үздэг. Эндэхийн бичигдээгүй хуулиар гэрт хэрцгий, бүдүүлэг зан авир гаргаж огт болохгүй, хүүхдүүд рүү хэн ч дуугаа өндөрсгөж, эсвэл зэвлэх эрхгүй гэнэ. Израилийн гэр бүлд аливаа асуудлыг удааширсан ч гэсэн зайлшгүй хэлэлцэн, ярилцаж шийдвэрлэх ёстой гэж үздэг. Гэр бүлийн гол зарчим нь харилцан хүнлэл, ижил тэгш эрх. 

Израиль гэр бүлүүд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаардаг бөгөөд шашин, эртнээс нааш өвлөгдөн ирсэн уламжлал, зан заншлыг хайрлан хүндэтгэх хүмүүжлийг хүүхдүүддээ суулгадаг аж. Хүүхдүүд гагцхүү эцэг эх, төрөл төрөгсдөдөө төдийгүй шашны зан заншилд ч чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандах ёстой.

Энд хүүхдүүдийг ихэд дээдлэх бөгөөд тэдэнд "муу", "тэнэг", "үгэнд ордоггүй" гэх зэрэг үгсийг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Харин үүний оронд "Ийм сайн, ухаантай хүүхэд яагаад ийм таагүй зүйл хийв?" гэх зэргээр харилцдаг гэнэ. Ийм байдлаар харилцсанаар хожим нь хүүхдүүдэд хор уршиг үлдээхгүй гэж үздэг аж. Хүүхдүүдийг төрсөн цагаас нь эхлээд л бүхий л зүйлийг нь магтаж, багахан амжилт гаргасан ч түүнээр бахархаж байгаагаа эцэг эхчүүд нь илэрхийлдэг гэнэ. 

Еврейн уламжлал ёсоор аливаа гэр бүлийн үндсийг эхнэр нөхөр буюу эцэг, эх бүрдүүлдэг гэж үздэг учраас хүүхдүүд бүр багаасаа эхлэн эцэг нь ээжид нь, ээж нь эцэгт нь анхаарал тавьж байгааг харж, суралцаж өсдөг. Ингэснээр хожим өсөж том болоод яг л өөрийн гэр бүл шиг амар тайван, аз жаргалтай гэр бүлийг бий болгох хүсэлтэй болон төлөвшдөг гэнэ. 

Англичууд: Орон гэртэй болсны дараа л хүүхэдтэй болох ёстой 

Орчин үеийн британичууд харьцангуй хожуу гэр бүл зохиох болсон. Статистик мэдээллээс харахад эндэхийн бүсгүйчүүд 32-35 насандаа анхны хүүхдээ гаргах нь түгээмэл бол 40-өөс хойш насандаа анхны хүүхдээ гаргах нь ч их гэнэ. Англичууд гэр бүл эхлээд хөл дээрээ зогсон, бэхжиж, орон гэртэй болсны дараа хүүхэд төрүүлэх ёстой гэж үздэг байна. 

Шотланд, Уэльс, Ирландын хүүхдүүд соёл, түүх, хэлээ хүндэтгэхийг багаасаа суралцдаг бөгөөд тэдэнд бүр бага наснаас нь эхлэн эх оронч үзлийг төлөвшүүлдэг аж. 

Англи хүмүүжлийн системийн гол үнэт зүйл нь ардчилсан байдал. Гэр бүл дотор бүхий л асуудал дээр хүүхдийн үзэл бодлыг харгалзан үзэх бөгөөд сургууль дээр ч энэ зарчмыг баримтлана. 

Британийн өвөө, эмээ нарыг дэлхийн хамгийн эрх чөлөөнд дуртай хөгшчүүд гэж нэрлэдэг. Учир нь тэд гагцхүү амралтын өдрүүдээр л ач, зээ нартайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь түгээмэл бөгөөд ач зээгээ гэртээ байнга харах, тэднийг хүмүүжүүлэх нь нэн ховор.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ