Их Британи: Вакцин 12 мянган иргэний амийг аварсан

Англид бүх нийтийн вакцинжуулалтын ачаар 12 мянган хүн нас барахаас сэргийлж чадсан гэнэ. Энэ талаар тус улсын Нийгмийн эрүүл мэндийн алба мэдээлснийг Ройтерс дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 60-аас дээш насныхны дунд вакцин олон хүний амийг аварсан гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн алба онцолжээ.
Судалгаа хийхдээ вакцин болон эрүүл мэндийн байдлын хоорондын уялдаа холбоог нарийвчлан тодорхойлсон тохиолдлуудыг л авч үзсэн байна. Харин бодит байдал дээр вакцины ачаар амь нас нь аврагдсан хүмүүсийн тоо үүнээс ч их байгаа гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа гэнэ.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх тарилга тариулсны дараа коронавирусийн халдвар авсан хүмүүсийн өвчлөл хөнгөн байдлаар илэрсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Вакцин тариулсны дараа халдвар авсан 33 мянга орчим хүн байгаагаас нэг нь ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, хөнгөн хэлбэрээр өвдсөн байсан гэнэ.
Энд дуулгахад, Их Британид хүн амыг вакцинжуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн. Одоогийн байдлаар хүн амын талаас илүү хувийг вакцинжуулсан нь халдварын тархалтын цар хүрээг ихээхэн багасгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ