Хүнсний үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ

Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний /хонины толгой хуйхалж чанадаг/ үйлдвэрт суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал гарч үйлдвэрийн 4 ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Ослын газарт тус дүүргийн цагдаагийн II хэлтэс болон НМХГ хамтран хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хийн баллонт тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, аюулгүй байдлыг хангуулан хийн баллоныг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүллээ. Тус ослын байдалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл хийн баллонт тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ