Мьянмар: Цэргийнхний түрэмгийлэл үргэлжилж, иргэд зэвсэг барин тэмцэж байна

img

Энэ оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарсан Мьянмар улсын байдал тогтворжихгүй хэвээр байна. Цэргийн засаглалыг эсэргүүцсэн олон улс даяар жагсаал цуглаан хийж, үүний хариуд цэргүүд иргэд рүү буудан, цус асгарсан энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд олон улс уриалга гаргаж, төрөл бүрийн шийдлийг танилцуулж байлаа.

 

Улмаар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Зүүн Өмнөд Азийн орнуудын тэргүүнүүд Мьянмар улс дахь хямралыг зогсоох төлөвлөгөөний талаар тус улсын цэргийн эрх баригчдын тэргүүнтэй тохиролцож байсан юм. Ингэснээр хүчирхийллийг зогсоож, талуудын хооронд цогц хэлэлцээ хийх, хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх АСЕАН-ын тусгай элчийг томилох, тусламж хүлээн авах, элчийг Мьянмар руу нэвтрүүлэх гэсэн таван заалтаар тохиролцоонд хүрч байлаа.

 

Ийм тохиролцоонд хүрээд сар орчмын хугацаа өнгөрсөн ч Мьянмарт байдал тогтворжихгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Тодруулбал, Мьянмарын баруун хэсэгт байх Чин мужид цэргийнхэн болон эсэргүүцлийн хөдөлгөөний зэвсэглэсэн төлөөлөгчдийн хооронд ширүүн тулаан мөргөлдөөн өрнөж байгаа гэнэ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Энэтхэгтэй хил залгаа Миндат хотод 20 000 хүн бүслэлтэд оржээ.

 

"Чин мужийн батлан хамгаалах хүчин" хөдөлгөөний гишүүдийн өгүүлснээр цэргийн дэглэмийн цэргүүд нисдэг тэргээр энэ муж руу ирж байгаа гэнэ. Мужид үүссэн нөхцөл байдлыг нутгийн иргэд "дайны байдал" хэмээн нэрлэжээ. Цэргийн алба хаагчид зэвсэгт эсэргүүцлийг дарахын тулд хүнд зэвсэг ашиглаж байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны бямба гарагт гэхэд 15 хүн шархадсан байна. Харин амиа алдсан хүний талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

 

Эсэргүүцлийн 100 дахь өдөр 

 

Тавдугаар сарын 11-ний өдөр Мьянмарын цэргийн эргэлтийг эсэргүүцсэн тэмцлийн 100 дахь өдөр тохиосон юм.  Энэ хугацаанд 800 орчим хүн амиа алдсан ч эсэргүүцлийн арга хэмжээ өдөр бүр зохион байгуулагдаж, олон мянган хүн ажил хаялтад нэгдсээр байна.

 

AFP мэдээлснээр, эсэргүүцлийн давалгаа эхэлснээс хойш Мьянмарт 3800 гаруй хүн баривчлагдан, өдгөө Бирмийн шоронгуудад хоригдож байгаа гэнэ. Эмэгтэйчүүд болон баривчлагдсан хүмүүст хүч хэрэглэн, тамлаж байгааг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилсээр байна. 

 

Олон улсын зүгээс цэргийн дэглэмийнхнийг хүчирхийллээ зогсоож, улс орныг ардчилсан голдрилд нь эргүүлэн оруулахыг нэг бус удаа уриалж байсан. Түүнчлэн 200 орчим төрийн бус байгууллага нэгдэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж Мьянмар руу зэвсэг нийлүүлэхэд хориг тавихыг уриалсан ч энэ санаачилгыг Орос, Хятад дэмжээгүй байна.

 

Цэргийн эргэлт, эсэргүүцэл болон цар тахлын улмаас Мьянмарын эдийн засгийн нөхцөл байдал эрс дорджээ. Мьянмар улс Азийн бууай орнуудын тоонд багтдаг. Улмаар энэ хүчин зүйлсийн улмаас 2022 оноос эхлэн тус улсын хүн амын тал хувь нь нэн ядуу болж, улсынх нь хөгжил 16 жилээр хойшлоно гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээчид болгоомжилж байгаа юм.

 

Мьянмарын цэргийн эргэлт 

Хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон Засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд Ерөнхийлөгчөөр томилсон юм.

 

Улмаар гуравдугаар сарын нэгний өдөр Мьянмарын гол удирдагч гэгддэг Аун Сан Су Жиг шүүх хурал болж, тэрбээр энэ хуралд видео холбоогоор оролцсон. Аун Сан Су Жи бүтэн сарын хугацаанд гэрийн хорионд байгаа юм. Анхлаад түүнийг богино долгионы станц хууль бусаар зөөвөрлөсөн, хадгалсан хэмээн буруутгаж байлаа. Харин дараа нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн гэж нэмж буруутгасан бол даваа гарагт болсон шүүх хурлаар түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр эрүүл ахуйн журам зөрчсөн гэсэн хэргээр буруутгажээ.

Аун Сан Су Жид анхлан тулгаж байсан хэргийн улмаас түүнд гурав хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй байсан. Харин одоо түүнийг буруутгах хэргүүд нэмэгдсэн тул өдгөө 75 настай Аун Сан Су Жи хэдэн жилийн хорих ял авах нь тодорхойгүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард түмнийхээ эсрэг буу чиглүүлсэн улс сүйрэх нигууртай, бас энэ зураг чинь израиль цэргүүд танкны зураг бна
2021-05-17