Герман Намибийн ард түмнийг үй олноор хөнөөсөн буруугаа хүлээн зөвшөөрчээ

Африкийн Намиби улсыг Герман колончилж байх үеэр Германы цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн төлөө нөхөн төлбөр олгох гэрээг Герман, Намиби урьдчилан тохиролцсон талаар Дойчлэндфанк радио станц мэдээлжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн яам мэдээллийн "нууц байдал" хэмээгээд гэрээ байгуулсан талаарх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, колончлолын үед Намибийн гереро болон нама овгийнхнийг олноор нь хөнөөж байснаа Герман улс хүлээн зөвшөөрөхөөр болсон гэнэ. Энэ талаар тусгасан баримт бичигт Христийн ардчилсан зөвлөл намаас Рупрехт Поленц, Намибийн дипломат асан Зедекией Нгавирю нар гарын үсэг зурсан байна. Хоёр долоо хоногийн дараа энэ хэлэлцээрт Герман, Намиби улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсоор гарын үсэг зурна гэж Дойчлэндфанк радио станц мэдээлжээ.
Түүнчлэн, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Намибийн парламентад зочлон, улмаар албан ёсоор Германы гэмт хэргийн төлөө уучлалт гуйна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Мөн нөхөн төлбөр болгож хохирол амссан овгууд амьдардаг бүс нутгийн хөгжлийг санхүүжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулахаар болжээ.
Энд дуулгахад, 1884-1915 оны хооронд Намиби улс Германы колончлолд байсан юм. Гереро болон нама овгийнхны дунд бослого гарсны дараа 1904-1907 оны хооронд Германы цэргүүд олон мянган хүнийг хөнөөсөн байна. Энэ үйлдлийг үй олноор хөнөөсөн хэрэг хэмээн хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээг хоёр орон 2015 оноос эхлэн хийж байгаа юм. Герман улс Намибид цэргүүд нь хийсэн үйлдлийн төлөө өнөө хэр нь албан ёсоор уучлалт гуйгаагүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ