МАН нэгдэж , АН бутарч байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын ээлжит бус их чуулган өнөөдөр хуралдлаа. Энэхүү их чуулганаар нэг гаралтай ч хоёр хуваагдсан МАХН, МАН нэг нам болох уриалгыг танилцуулж, нэгдэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ. МАН, МАХН хамтарсан ажлын хэсэг байгуулж, “МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээ”-г өнгөрсөн сард байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр нам нэгдэх ажиллагаа үргэлжилсээр байна.
У.Хүрэлсүхийн улс төрийн зам өөрөөс нь л хамаарна
Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхэд ганцхан долоо хоног үлдлээ. Ирэх долоо хоногийн даваа гарагт сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсны сурталчилгаа эхэлнэ. Парламентад суудалтай МАН-аас МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас АН-ын экс дарга С.Эрдэнэ, “Зөв хүн-элекотрат” эвслээс ИЗНН-ын дарга асан Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөнө. Парламентад суудалтай гуравдагч хүчин МАХН угшил нэгт МАН-тайгаа нэгдэн, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Эрх баригч хүчин МАН энэ удаад угшил нэгт МАХН-тай хамтран ажиллахаар болсон нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид санал хуваагдахгүй ч эерэг нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байна. Тус намын удирдлагууд зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтраад зогсохгүй цаашдаа намаа нэгтгэнэ гэсэн байр сууриа эхнээс нь илэрхийлсэн. Ийнхүү МАХН-тай нэгдэж, улс төрийн лидер Н.Энхбаяр дэмжиж ажиллахаа илэрхийлснээр нэр дэвшигч У.Хүрэлсүх улс төрийн зам нь засагдаж сонгогчдын олонхийн санал авах нь хувь улстөрчөөс хамаарах үлдээд байна. Хэрвээ энэ сонгуульд ялагдвал бусдад, тэр байтугай намдаа бүүрч биш өөрөөсөө бурууг хайх нөхцөл бүрдлээ.
АН-ын тамганы маргаан үргэлжилж байна
Харин сөрөг хүчин АН-ын хагарал бутралаар үргэлжилсээр. АН өнөөдөр М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай. АН болон УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдсан байгаа. АН-ын экс дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа ч УИХ дахь бүлэг нь эсрэг байр суурьтай хэвээр байна.
Шүүхээр өнөөдрийг хүртэл АН-ын тамганы маргаан үргэлжилж, шүүх хурал хэдэнтээ хойшлоод байгаа. Учир нь АН-ын аль тамгыг жинхэнэ, үнэн гэж шүүх шийдвэрлэснээр АН-ын жинхэнэ дарга ч тогтоогдоно. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих АН дотооддоо эв түнжингээ ололцохгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь харлуулж байгаа сөрөг талтай. Тэгээд ч С.Эрдэнэ улс төрд төдийгүй хувь хүний талаасаа ч алдаа оноотой явж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Ерөнхийлөгчийн сонгуульд парламент дахь гуравдагч хүчний төлөөлөл “Зөв хүн- элекотрат” эвслийнхэн нэг зорилготойгоор нэр дэвшигчээ дэмжин, сурталчилж байна.
Нэг цул болон нэгдэж байгаа эрх баригч хүчний нэгдэл, нягтрал дундаас нэр дэвшигчийнх нь пиар сонгогчдыг бялууруулж, сөрөг хүчний хэрүүл тэмцэл нийгмийг бухимдуулсан өдрүүд үргэлжлэх вий гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Ямартай ч зуны дэлгэр цагтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх өдрүүдэд үргэлжилнэ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ