Улсын хэмжээнд коронавирусийн шинжилгээний 8,7 хувь нь эерэг дүнтэй байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Зарим аймгийн иргэд дархлаажуулалтандаа идэвхгүй хамрагдаж байгаа нь юутай холбоотой вэ?

 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Дархлаажуулалтын ажил нийслэл болон орон нутагт эрчимтэй үргэлжилж байна. Татан авалтан дээр хөргөгч, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж сайжруулах талаар ажиллаж байгаа. Хасах талын хөргөгчийг аймаг бүрд явуулахаар ажиллаж байна. Мөн вакцинтай холбоотой  сурталчилгааг нэмэгдүүлж, зохион байгуулалтыг сайжруулахыг аймгийн удирдлагуудтай ярилцсан. 

 

Вакцин тариулах нь зөв эсэхэд эргэлзэж байгаа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Вакцины нэгдүгээр тунд хамрагдчихаад хоёрдугаар тун хийлгэх эсэхэд эргэлзэж байгаа хүн бий. Вакцин хийлгэвэл хүний биед хамгаалах уураг үүсдэг. Тухайн уураг нь бага хэмжээтэй эхний тунгаар үүсдэг бол хоёрдугаар тунгаар цусан дахь хамгаалах уургийн хэмжээ ихэсдэг. Тиймээс хамгаалах хүчийг нь нэмэгдүүлэхийн тулд бүрэн тун хийлгэх ёстой. Түүнээс гадна анхны тунгаа хийлгэхэд эргэлзэж байгаа хүмүүс бий. Мөн туйлын эсрэг заалттай хүмүүс ч байгаа. Тэр тохиолдолд тухайн хүмүүст зориулсан эмнэлгийн магадлагаа гаргахаар ажиллаж байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс сэргийлээд орон нутаг бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг нийслэлд 1,2,3-р эмнэлэгт Вероцелл вакциныг хоёр тунгаар, эмчийн хяналтад хийнэ. 

 

Вакциныг хийлгэх эсэхдээ эргэлзэж буй хүмүүс дэнсэлж шийдвэр гаргах хэрэгтэй. 

 

Цаашид халдвар өсөх уу, буурах уу?

 

-Бид 18-аас дээш насны хоёр сая хүнийхээ 1.8 саяыг нь вакцинжуулаад байна. Гэхдээ вакцин ганцаараа халдвараас сэргийлэх хамгаалалт болохгүй. Хүн хоорондын зайгаа баримталж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай. Халдварын шинжилгээнд эерэг эзлэх  хувь нийслэлийн хэмжээнд 11 хувь, улсын хэмжээнд 8,7 хувь байгаа нь өндөр үзүүлэлт. Тиймээс тайвшрах болоогүй. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Спутникээ хүмүүс хүлээж байна.Хятад вакцинаа 3 дахиа хийлгэх байх гэж гадаад явдлын сайд яриад байсан.
2021-05-17
Болоогүй гэж болохгүй ээ. Ард иргэд дуулгавартай байгаа шүү. Одоо 3 дах тун гэж ярих юм биш биз дээ.
2021-05-17