АНУ вакцины гэрчилгээ нэвтрүүлэхгүй

Дэлхий дахиныг бүрхсэн коронавирусийн цар тахлыг улс орнууд даван туулахын тулд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Түүнчлэн халдварын өсөлттэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн зарим хязгаарлалтыг цуцлах, хот болон улс хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих үүднээс вакцины гэрчилгээг нэвтрүүлсээр байгаа юм.
Харин АНУ-ын эрх баригчид энэ төрлийн гэрчилгээ нэвтрүүлэх бодолгүй байгаа гэнэ. Тус улсад коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийг дотор орчинд ч амны хаалт зүүхгүй байж болохыг зөвшөөрсөн ч вакцины гэрчилгээний талаар ямар нэг төлөвлөгөөгүй байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
"Холбооны Засгийн газар вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэхгүй. Хувийн салбар ийм арга хэмжээ авч болно. Чухамхүү хувийн байгууллагуудад л ийм баримт бичиг хэрэгтэй" хэмээн Жен Псаки мэдэгдсэнийг NBC агентлаг мэдээллээ.
АНУ коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ч богино хугацаанд асар их хүнийг вакцинд хамруулж чадсан гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден онцолж байв. Түүний өгүүлснээр ийнхүү богино хугацаанд олон иргэнийг дархлаажуулалтад хамруулж чадсан нь коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг шат дараатайгаар цуцлах боломжийг бий болгож байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ