П.Анужин: Алдсан мөнгөө эргүүлж авч болдоггүй юм уу, А.Ариунзаяа сайд аа

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн төслөөр НДШ-ийн хоёр хувиар нэмэгдлийг бууруулахаар тусгасан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Энэ төслийг дэмжиж байна. Ковидийн энэ үед аж ахуйн нэгжийн ашиг орлого буурсан. Энэ үед аж ахуйн нэгжид дарамт үзүүлэх нь буруу юм.
УИХ-ын гишүүн П.Анужин:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Том зургаар нь харвал энэ амь аргацаасан арга хэмжээ. Хөгшид тэтгэвэр амьдралд хүрэхгүй байна гэж байна. Өвдсөн хүн бүрийн амнаас өвчнөө эмчлэх мөнгө алга хандив өгөөч гэж байна. Сингапур шиг, Норвеги шиг Хуримтлалын сан яагаад байгуулдаггүй юм бэ. Тогтолцоог өөрчлөхийн оронд алдсан мөнгөө эргүүлж авдаггүй юм уу, А.Ариунзаяа сайд аа.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Капитал банк дампуурсантай холбогдуулан холбогдох хүмүүстэй уулзаж, тодорхой арга хэмжээ аваад явж байгаа. Сүүлийн хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн буцаалтыг Капитал банкны эрх хүлээн авагчаас төвлөрүүлсэн. 100 тэрбум төгрөгийн авлаг байгаа, процесс явагдаж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ хуулийг долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлээд явах боломжтой юу?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг хойшлуулах, чөлөөлөхийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Хууль батлагдвал долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлвэл ковидийн үеийн хуулиар зохицуулна.
Хууль санаачлагач УИХ-ын гишүүн Ц.Энхтүвшин:
-Энэ хуулийн төслийг долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх нь зүйтэй. Ерөнхий сайд энэ төслийг дэмжсэн. Энэ хууль хэрэгжсэнээр Тэтгэврийн даатгалын сан л алдагдалтай байх юм билээ. Бусад санд алдагдал үүсээгүй.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ