Япон: Олимпын үеэр хатуу хязгаарлалт тавихаар төлөвлөж байна
Токио хотноо зуны Олимпын наадам зохион байгуулах үеэр Японы Засгийн газар нэн хатуу хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, тамирчид болон төлөөлөгчдийг нутгийн оршин суугчидтай харилцахыг хориглохоор төлөвлөж байгаа талаар Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, тамирчид болон спортын төлөөлөгчдийг орон нутгийн оршин суугчидтай харилцахыг хориглох асуудал хэлэлцэх шатанд явж байгаа гэнэ.
Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах үүднээс Японы тал төдийгүй олон улсын зүгээс ч ихээхэн анхаарч, дэмжлэг санал болгож байгаа юм. Тухайлбал Пфайзер компани улс орнуудыг төлөөлөх бүхий л тамирчдад зориулан өөрсдийн боловсруулсан вакциныг үнэ төлбөргүй тарих санал тавьжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны зун зохион байгуулагдах ёстой байсан Токио-2020 цар тахлын улмаас хойшлогдож, улмаар 2021 оны долдугаар сарын 23-наймдугаар сарын наймны өдрийн хооронд зохион байгуулагдахаар болсон юм. Энэ олимпын наадмын тэмцээнүүд үзэгчидгүй болох бөгөөд ингэснээр коронавирусийн халдварын тархалтыг хянах боломжтой гэж зохион байгуулагчид нь үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ