"Торгоны зам" автораллигийн оролцогчид Улаанбаатарт барианд орно

img

"Торгоны зам" олон улсын ралли долдугаар сарын нэгний өдөр Оросын Омск хотноо эхлэх талаар Регнум агентлаг мэдээлжээ. Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй олон улсын раллигийн оролцогчид 5,5 мянга гаруй километр зам туулах бөгөөд үүнээс ихэнх нь буюу 3400 километр зам нь хурдны тусгай хэсэг байна гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. 

2009 оноос эхлэн зохион байгуулагдаж буй "Торгоны зам" олон улсын авторалли Орос төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр болох юм. Долдугаар сарын нэгний өдөр Оросын Омск хотноос гараанаасаа гарсан оролцогчид Новосибирск, Горно-Алтайск гэсэн Оросын нутаг дэвсгэрийг туулж, улмаар Монголын хилээр нэвтрэн Өлгий, Ховд, Алтай, Баянхонгороор дайран Улаанбаатар хотод ирэх юм байна. Ингээд оролцогчид долдугаар сарын 11-ний өдөр Монголын нийслэлд барианд орно гэж Регнум агентлаг мэдээлжээ. 

Дэлхий дахинаа цар тахал төдийлөн буурахгүй байгаа үед ралли явагдах тул бүхий л оролцогчдыг коронавирусээс хамгаалах найдвартай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж "Торгоны зам"-ын удирдагч, "Дакар" раллигийн долоон удаагийн аварга, "Камаз-мастер" багийн ахлагч Владимир Чагин мэдэгдсэн байна.

 

"Бид "Торгоны зам" раллигийн цувааны гишүүн бүрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандана. Энэ жил коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх журмын хэрэгжилтэд хяналт тавих штабыг коронавирустэй тэмцэх салбар дахь манаөй улсын шилдэг мэргэжилтнүүдийн нэг болох Денис Николаевич Проценко удирдах юм" хэмээн Чагин мэдэгджээ.

Энд дуулгахад, "Торгоны зам" олон улсын раллиг 2009 оноос эхлэн Оросын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаа юм. Зарим жилүүдэд Төв Азийн орнууд, Хятадын нутаг дэвсгэрт ч зохион байгуулж байлаа. Раллигийн оролцогчид мото, туулах чадвар сайтай машин болон ачааны машин гэсэн гурван төрлөөр өрсөлддөг юм.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ