Хятад Тяньжоу-2 сансрын хөлгөө хөөргөх ажлаа цуцалжээ

БНХАУ сансрын станцын суурь модуль руу илгээх ёстой байсан "Тяньжоу-2" ачааны хөлгөө хөөргөх ажлыг техникийн шалтгааны улмаас хойшлуулахаас аргагүй болжээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжингийн цагаар пүрэв гарагт шилжих шөнө сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байсан гэнэ. Гэвч техникийн тодорхой шалтгаануудын улмаас хөөргөх ажлыг хойшлуулжээ. "Тяньгун" сансрын станц руу ачаа хүргэх зорилгоор Тяньжоу-2" хөлгийг хөөргөх бөгөөд дахин хэзээ хөөргөх талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна.
"Тяньжоу-1" сансрын ачааны хөлгийг анх 2017 оны хавар "Тяньгун-2" сансрын лабораторид ачаа хүргүүлэхээр хөөргөсөн юм. Ачааны энэ хөлөг есөн метр урт, гурван метр гаруй диаметртэй бөгөөд хөлгийн хөөрөх жин 13,5 тонн бол ашигтай ачаалал 6,5 тонн юм байна.
Өмнө нь, энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөө Хятад улс ирээдүйн тойрог замын станцынхаа "Тяньхэ" үндсэн модулийг сансарт хөөргөсөн юм. "Тяньгун" буюу "Тэнгэрийн ордон" нэртэй тойрог замын үндсэн модулийг "Чанжэн-5В" пуужин тээвэрлэгч тойрог замд оруулсан. Пуужин Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас Бээжингийн цагаар 11:23 цагт хөөрчээ. Пуужин хөөргөх ажил амжилттай болсон бөгөөд пуужин тээвэрлэгчээс салсны дараа модуль тойрог замд орж, нарны батарейн хавтангууд амжилттай дэлгэгдэн, хэвийн горимоор ажилласан байна.
"Тяньхэ" энэ модуль нь Хятадад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм. Түүний урт нь 16.6 метр, диаметр нь 4.2 метр аж. Түүн дээр хяналт удирдлагын төв, экипажийн амьдрах хэсэг байрлах аж. Түүнчлэн хэд хэдэн эрдэм шинжилгээ, технологийн туршилтууд явуулахаар төлөвлөжээ.
Ирээдүйд ашиглалтад орох станцын ерөнхий зохион бүтээгчийн орлогч Жу Гуанчэний өгүүлснээр, Хятадын "Тяньгун-1", "Тяньгун-2" зэрэг өмнөх тойрог замын лабораториудыг нэг өрөө байртай харьцуулж болохоор бол шинэ станц нь зочны өрөө, гал тогоо, эд зүйл хадгалах өрөө гэсэн гурван өрөө байртай адилхан гэнэ.
Тойрог замын станц нийт 66 тонн орчим жинтэй, Т хэлбэрийн байх бөгөөд хоёр талаас нь "Вэньтянь", "Мэнтянь" гэсэн тус бүр нь 20 тонн гаруй жинтэй туршилтын модулиудтай холбогдох аж. Станц дээр нэг удаад гурван сансрын нисэгч байх бол экипаж солигдох үед 10 хоногийн туршид зургаан хүн байрлах боломжтой гэнэ.
Энэ станцыг 2022 он гэхэд дуусган, 2023 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. "Тяньгун" станцыг 15 жил ашиглахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ