Францын цагдаагийнхан Үндэсний хурлын барилгын гадаа жагсаал зохион байгуулсан талаар РИА Новости мэдээлжээ. Цагдаагийн алба хаагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроноос цагдаагийнхныг хүчирхийллээс хамгаалах, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу халдсанд оноох шийтгэлийг чангатгахыг шаардсан байна. Тавдугаар сарын 19-ний өдөр болсон энэхүү жагсаал нь сүүлийн таван жилийн хугацаанд хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд оролцсон хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ болжээ.
Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин алба хаагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, жагсагчидтай нэгдсэн ч цугласан олон түүнийг ч мөн эсэргүүцсэн байна. "Цаашид энэ байдлаар үргэлжилж болохгүй. Чи биднийг хамгаалах ёстой. Байдал улам дордож байна" гэж цагдаагийн офицерууд Дотоод хэргийн сайддаа хандсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээнд хууль сахиулах байгууллагын олон мянган ажилтан оролцож, "Бидний үхлийн төлөө биш алба хаасны төлөө цалин өгдөг" хэмээн хашгирч байжээ. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүнүүд үг хэлэх үеэрээ шударга шүүхийн тогтолцоог үндсээр нь шинэчлэх, цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэм буруутайд тооцогдсон хэн бүрт оноох хорих ялын доод хугацааг тогтоохыг шаардсан байна.
"Ял шийтгэлийг гүйцэтгэх ёстой, бид давтан хэрэг үйлдэгчдийг хатуу шийтгэх хэрэгтэй. Бид баривчлаад л харин шүүх тавьж явуулдаг байдлыг тэвчиж ханалаа. Хамтран зүтгэгчдийг минь хүнд шархдуулж, хөнөөж байдаг ч хэн ч үүний төлөө хариуцлага хүлээдэггүй" хэмээн НҮБ-ын Цагдаагийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Оливье Варле сэтгүүлчдэд өгүүлсэн байна.
Түүнчлэн цагдаагийнхан энэ сард ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэжээ. Тавдугаар сард Францын хоёр цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |